Шууд Chart

Казахстаны үймээнд оролцсон 695 хүнийг онц хүнд гэмт хэрэгтэнд тооцож ял оноожээ

2022-01-19 15:56:30

Казахстанд босон эмх замбараагүй байдлын улмаас 695 хүнийг онц хүнд гэмт хэрэгтэнд тооцож, эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж тус улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдлээ. Үүнээс 446 хүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон байна.

Тодруулбал, Казахстанд болсон үймээн самууны үеэр онц хүнд гэмт хэрэгт 695 хүнийг буруутгажээ. Үүний дотор терроризм үйлдсэн гэх 44, хүн амины хэрэг үйлдсэн гэх 15, суртал ухуулга явуулсан гэх 6 хүн байна.  Мөн одоогоор 780 хүн сэжигтнээр татагдан саатуулагдаад байна. Шүүхээс нийтдээ үймээн самуунтай холбоотой 8354 захиргааны хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх, прокуророос гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг хөнгөвчилж, 3337 хүнд баривчлах, торгох ял оногдуулахгүйгээр “зөвхөн анхааруулга” өгсөн гэлээ.

Мөн тус улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, шүүхээс 1653 хэрэгт торгууль ногдуулж, 1002 хүн баривчлагдсан байна.  Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев прокурорын байгууллагад шүүгдэгч бүрийн гэм буруугийн зэргийг тогтоох, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тохиолдолд энэ өдрүүдэд саатуулагдсан хүмүүсийн ялыг хөнгөвчлөхийг даалгасан байна. Одоогоор шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх зорилгоор давж заалдах шатны шүүхэд 1758 иргэн өргөдөл гаргажээ.

Мөн прокурорын хүсэлтээр 676 иргэнийг баривчлах ялаас суллаад байна. Ийнхүү дээрх мэдээллээс харахад шүүхээс захиргааны журмаар баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь суллагдсан, бусад хэргүүд дээр мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна гэлээ. Харин Казахстанд үүссэн үймээн самуун намдаж, ХАБГБ-ын энхийг сахиулагчид үүргээ амжилттай биелүүлсэн гэж Казахстаны төрийн тэргүүн мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Казахстаны үймээнд оролцсон 695 хүнийг онц хүнд гэмт хэрэгтэнд тооцож ял оноожээ  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй