Шууд Chart

НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемтэй цахим уулзалт хийв

2022-01-21 17:53:11

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрийн хооронд Монгол Улсад ажилласан. Тэрбээр ажлын урьдчилсан дүгнэлт, тайлангаа Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөлд 12 дугаар сарын 8-ны өдөр танилцуулсан.
 
НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемтэй Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа онлайн уулзалт хийж урьдчилсан байдлаар гарсан тайлангийн талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
 
 
Жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, хөгжлийн түншлэлийн байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлж байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа уулзалтын үеэр танилцууллаа.
 
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2016 онд шинэчлэн баталж, 2017 оноос эхлэн мөрдсөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцон, хүчирхийлэл үйлдэгчидтэй тооцох хариуцлагыг чангатгахын зэрэгцээ зан үйлд нөлөөлөх албадан сургалтаар дамжуулан дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зан үйлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг үзүүлэх, түүнчлэн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоог бий болгох, олон нийтийн хандлага, сэрэмжийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зэрэг олон чиглэлд ахиц гарч байгааг онцоллоо.
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, мөрдөж эхэлснээс хойш хуулийг дагаж гарсан 32 журам, 1 стандарт батлагдан, хэрэгжиж байна. НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем нь ажлын тайлангаа 2022 оны 6 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 50 дугаар чуулганд танилцуулахаа мэдэгдлээ.
 
Эх сурвалж: ХНХЯ

НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемтэй цахим уулзалт хийв  
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй