Шууд Chart

Замын-Үүдээс Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн зардал 2.5-3.5 сая болж буурчээ

2022-01-21 19:20:43

Хилийн боомтууд дээрх экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Ажлын хэсгийн гишүүдийг долоо хоногт 2 удаа олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг Шадар сайд өгсөн.
 
Энэ дагуу өнөөдөр Авто тээврийн үндэсний төвд Шадар сайдын Ажлын алба, ЗТЯ, Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, АТҮТ, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагын төлөөлөл Хилийн боомтуудын нөхцөл байдал, ачаа бараа эргэлтийн талаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхбаатар “Замын-Үүд боомтоор чингэлгээр ачаа бараа татан авч эхэлсэн өнгөрсөн 10 хоногт Эрээн боомтын гаалийн бүсэд ачигдаад хүлээгдэж байсан 900 гаруй чингэлгээс 608-ыг нь татан аваад байгаа. Үлдсэн ачаа барааг энэ хурдаар татан авбал 5-6 хоногт дуусгаад дахин чингэлэг дүүргэн ачаа барааг ачиж эхэлнэ. Эрээн боомтоос ачигдах ачаа барааг ирсэн хугацаа, дарааллын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулах саналыг Монгол Улсын Шадар сайд ГХЯ-аар дамжуулан Хятадын талд уламжилсан.
 
Мөн тээвэрлэлтийн үнийг бууруулах зорилгоор хилийн дундад “0” цэгээс Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн төв хүртэл гурав орчим километрт төрийн тусгай албаны жолооч халдвар хамгааллын өндөр дэглэм дор ачаа барааг тээвэрлэж буй. Мөн Замын-Үүд дэх бүс нутгийн ложгистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг, ачааны эздээс авч байсан татвар хураамжийг өнөөдрөөс эхлэн цуцалсан байна. Ингэснээр ачааны зардал бодитой бууж Логистикийн төвөөс Улаанбаатар хот руу гарах ачааны автомашины зардал 2.5-3.5 сая орчим төгрөгт багтах болжээ. Цаашид төмөр замаар ачаа бараа татан авах тухай хүсэлтийг урд хөршид тавьж шийдвэрлүүлэхээр зорьж байна” гэв.
 
Эх сурвалж: Шадар сайдын Хэвлэлийн алба

Замын-Үүдээс Улаанбаатар хот руу чиглэсэн тээврийн зардал 2.5-3.5 сая болж буурчээ  
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй