Шууд Chart

Аун Сан Су Чийг авлигын таван асуудалд буруутгажээ

2022-01-24 10:12:57

Мьянмар Улсын Засгийн газрын ашиглаж байсан нисдэг тэрэг худалдан авах, түрээслэх зэрэгтэй холбоотой авлигын таван асуудалд Аун Сан Су Чийг буруутгасан байна. Өнгөрсөн оны 2 дугаар сараас сатуулагдаад байгаа Чийд 15 жилийн хорих болон торгуулийн ял оногдуулах боломжтой юм.

Су Чийг улсын хилээр хууль бусаар холбооны хэрэгсэл оруулсан, хадгалсан, корона вирусын хязгаарлалтуудыг зөрчсөн хэрэгт 6 жилийн ял оноогоод байсан юм. Түүнийг улс төрд эргэн ирүүлэхгүй байх, цэргийн эргэлтийг зөвтгөхийн тулд эдгээр хэргийг хуурамчаар зохион байгуулсан хэмээн түүний хамтрагчид болон хүний эрхийг хамгаалагчид мэдэгдээд байгаа юм.

Цэргийн Засгийн Газар уг шүүмжлэлийг няцаасан байна. “Хэн ч хуулиас дээгүүр байдаггүй. Түүнийг хуулийн дагуу шүүнэ гэдгийг л хэлмээр байна” хэмээн цэргийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Зав Мин Тун баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар асуухад мэдэгдсэн байна.

Цэргийнхэн эрх мэдлийг булаан авснаар Аун Сан Су Чи болон түүний тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам нь хоёр дахь удаагийн таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх боломжгүй болсон.

Тус улсад 2020 оны арваннэгдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулийн үеэр засгийн эрхэнд байсан намынхан их хэмжээний сонгуулийн луйврын хэрэг хийсэн тул цэргийн эргэлт хийхээс аргагүй байдалд орсон хэмээн армийнхан мэдэгдсэн бол хараат бус сонгуулийг ажиглагчид үүнийг батлах нотолгоо байхгүй гэжээ. Цэргийн эргэлт олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд Мьянмар Улс одоо ч зэвсэглэсэн цэргийн дэглэмийнхэнтэй тэрсэлдсээр л байна.

Мьянмарт хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн мэдээлснээр 2021 оны хоёрдугаар сарын 1-ийн төрийн эргэлтээс хойш хамгийн багадаа 1469 хүн амиа алдаж, 11500 хүн саатуулагдаад байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн наймаатай холбоотой хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргүүдэд Сү Чийг яллаж байгаа юм. Үүнээс гадна түүнийг "Албан ёсны нууцын тухай хууль"-ийг зөрчсөн хэргээр шүүж байгаа бөгөөд тус хэрэгт хамгийн дээд тал нь 14 жилийн хорих ял оноодог байна.

Цэргийн Засгийн Газар Сү Чийг болон хамтран ажиллагсдыг нь сонгуулийн луйврын хэргээр шүүнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.aljazeera.com


Аун Сан Су Чийг авлигын таван асуудалд буруутгажээ  
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй