Шууд Chart

Зэвсэг хураах бага хурлын 2022 оны чуулган эхлэв

2022-01-26 15:06:43

Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын 2022 оны чуулган нэгдүгээр сарын 25-ны өдөр Женев хотноо эхлэв. ЗХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Татьяна Валовая чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Өдгөө үүсээд буй геополитикийн хурцадмал байдлыг намжаахад олон талт хамтын ажиллагаа болон дипломат ажиллагаа нэн чухал” болохыг онцлоод ЗХБХ-ын өмнө тавигдаж буй үндсэн асуудлуудыг урагшлуулахын тулд ЗХБХ-ын гишүүдийг үр бүтээлч байдлаар яриа хэлцээнд оролцохыг уриалав.

Монгол Улс энэ онд ЗХБХ-ын “21-ийн бүлэг”-ийн зохицуулагчаар ажиллаж буй бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тус бүлгийг төлөөлж хэлсэн үгэндээ  зэвсэг хураах болон үл дэлгэрүүлэх чиглэлд олон талт дипломат ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг тэмдэглээд зэвсэг хураах асуудлаарх олон талт хэлэлцээний цорын ганц талбар болох ЗХБХ-ын үүрэг, үйл ажиллагааг бэхжүүлэх замаар ач холбогдлыг нь хадгалахын чухлыг онцлов. Түүнчлэн ЗХБХ-ын үндсэн үйл ажиллагааг эрчимжүүлж, цөмийн зэвсгийг хураах хэлэлцээг эхлүүлэх зэргээр бодит ажлыг сэргээх шаардлагатай байгааг тэмдэглэв.

ЗХБХ нь зэвсэг хураах асуудлаар 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганы дүнд зэвсэг хураах асуудлыг хэлэлцэх олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц чуулган хэмээх статустайгаар 1979 онд байгуулагдсан ба Зэвсэг хураах арван-үндэстний хороо (1960), арван наймын хороо (1962-1968), Зэвсэг хураах Хорооны бага хурал (1969-1978) зэрэг бусад чуулганыг залгамжлан байгуулагдсан юм.

ЗХБХ болон түүний өмнөх байгууллагууд зэвсэглэлийг хорогдуулах, зэвсэг хураах асуудлаарх гол гол гэрээ хэлэлцээрийг хэлэлцэж байгуулсан бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц, Химийн зэвсгийг хориглох тухай конвенц, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ зэргийг дурдаж болно.

Гагцхүү сүүлийн 25 жилийн хугацаанд ЗХБХ нь гишүүн улсуудын байр суурийн зөрүүтэй байдлаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширч, зарим талаар гэрээ хэлэлцээрийн төсөл хэлэлцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна.


Зэвсэг хураах бага хурлын 2022 оны чуулган эхлэв  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй