Шууд Chart

“Евразийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааны талаар Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчдад мэдээлэл өгөх семинар” болов

2022-01-28 17:15:34

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс хамтран 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр “Евразийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааны талаар Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчдад мэдээлэл өгөх семинар”-ыг цахим хэлбэрээр зохион байгуулав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Евразийн эдийн засгийн комиссын худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепнёв нар семинарт оролцогч хоёр талын байгууллагын төлөөлөгчдөд цахим мэндчилгээ дэвшүүлж, семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Семинарт Монгол Улсын төр, захиргааны 21 байгууллагын 60 гаруй төлөөлөгч, Евразийн эдийн засгийн комиссын 6 газрын 19 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчид энэ удаагийн семинарын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай олон салбарын асуудлаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, Евразийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааны механизм, Холбооны хүрээнд мөрдөгдөж буй стандарт, техникийн зохицуулалт, худалдааны бодлого, Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбоо хооронд хэрэгжүүлж болох ирээдүйтэй төсөл, хөтөлбөрүүд, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж зэрэг өргөн хүрээний асуудлаар чухал ойлголт, мэдээлэл авав.

Талууд 2022 он Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаанд чухал жил байхыг онцолж, өнөөдрийн семинарыг үргэлжүүлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааны ажлыг эцэслэх, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын Ажлын хэсгийн ээлжит V хурлыг зохион байгуулж, Хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, хоёр талын бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хамтран хэрэгжүүлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллахаа нотлов.


“Евразийн эдийн засгийн холбооны үйл ажиллагааны талаар Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчдад мэдээлэл өгөх семинар” болов  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй