Шууд Chart

БОХХААБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2022-01-29 06:45:48

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өчигдөр (2022.01.28) 17 цаг 25 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна.  Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна.

Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөллөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа.

Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэр  мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой боловч нэгдсэн төсвийн алдагдлын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд барих шаардлагатай тул нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөлөө гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд төсвийн тодотголыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим тодруулга авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тодруулахдаа, иргэд тэтгэвэр яг ямар шатлалаар нэмэгдэх талаар хамгийн их асууж байна. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн тэтгэврийг 15 хувиар нэмнэ гэж заасан. Гэтэл 425.000 төгрөгийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхэд 490 орчим мянган төгрөг болно. Энэ нь зорилтод 500.000 төгрөг хүрэхгүй, нөгөө талаар 480.000 төгрөгийн тэтгэвэр 20.000 төгрөгөөр нэмэгдэх үү, үүнд тодорхой тайлбар өгнө үү гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүний асуултад өгсөн тайлбартаа, өнөөдрийн байдлаар 385 мянган хүн бүрэн тэтгэвэр авч байгаасаас 300 мянга орчим хүн 500.000-аас доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Эдгээр иргэдийн тэтгэврийг 500.000 төгрөгт хүргэнэ. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400.000 төгрөгт хүргэнэ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийг 84 мянган иргэн авч байна. Гишүүний асууж буй 480.000 төгрөгийн тэтгэврийн зөрүүг 15 хувьд нийцсэн нэмэгдлийг уусгаж өгөхөөр тооцсон гэв.

Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Өнөөдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр, төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлнэ хэмээн танилцуулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


БОХХААБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй