Шууд Chart

ХБНГУ болон Их Британийн Батлан хамгаалахын сайд нар Украины асуудлаар уулзлаа

2022-01-29 07:55:14

Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Герман улсад айлчлал хийж, тус улсын Батлан хамгаалахын сайдтай уулзлаа. Хоёр улсын Батлан хмагаалахын сайд нарын уулзалтын гол сэдэв нь "Умардын урсгал-2" хийн хоолойн төсөл болон Украины эргэн тойрон дахь асуудал байсан юм.

Талуудын яриа хэлэлцээ Украины асуудлыг дэвэргэхгүй байх, хурцадмал асуудал өрнөж байгаа бүс нутагт зэвсэг илгээхгүй байх тал дээр голчлон өрнөсөн. Харин уулзалтын төгсгөлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Украинд зэвсэг илгээх тал дээр талууд хоёр өөр байр суурийг илэрхийлсэн юм.

Германы Батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт "Асуудлыг яриа хэлэлцээгээр энхийн замаар шийдвэрлэх боломж бидэнд байгаа гэдэгт бат итгэлтэй байна. Ийм учраас Украинд зэвсэг нийлүүлж, асуудлыг улам дэвэргэх хэрэггүй гэж Германы Засгийн газар үзсэн. Хурцадмал байгаа бүс нутгуудад зэвсэг нийлүүлэхгүй байх нь хамгийн зөв гарц. Асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломжтой" гэжээ.

Харин Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес "НАТО-гийн гишүүн байхын давуу тал нь 30 улстай холбоотон болдогт оршино. Тиймээс бид бүгд Украинд өөр өөрийн аргаар тусалж чадна. Мэдээжийн хэрэг, манай улс довтолгооны болон хамгаалалтын зэвсгүүдийг Украинд нийлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Харин бид бусад улсын шийдвэрийг шүүхгүй" гэсэн байна. 

Тэгвэл Украины хурцадмал асуудлаас үүдэн "Умардын урсгал-2" төслийн баталгаажуулалтын явц улам хойшилж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Харин уулзалтын дараах сэтгүүлчдийн асуултад Их Британийн Батлан хамгаалахын сайд дараах тайлбарыг хийсэн юм.

Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес ""Умардын урсгал 2" төслийг чухал гэж бодож байна. Германы канцлер "Умардын урсгал-2" төсөл нь “хэлэлцэх асуудлын” нэг гэж ярьж байсан. Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч Владмимр Путин Украин руу довтлохоор шийдсэн бол үр дагавар нь "Умардын урсгал-2" байх болно" гэжээ.

Нийт 11 тэрбум ам.долларын өртөгтэй "Умардын урсгал-2" хийн хоолойн төслийн барилгын ажил бүрэн дуусч хий, шахахад бэлэн болсон. Гэвч одоогоор Герман болон Европын холбооноос зөвшөөрөл хүлээж байгаа юм. 

"Умардын урсгал-2" төслийг эрс эсэргүүцдэг АНУ, Украин, Польш улсууд ОХУ-ыг Европ дахь нөлөөллөө улам бэхжүүлнэ гэж анхааруулсаар байна. 

Харин "Умардын урсгал-2" бол цэвэр арилжааны төсөл бөгөөд Европт урт хугацааны найдвартай хангамжийг бий болгох, Польш, Украинд төлөх транзит тээврийн төлбөрийг хэдэн тэрбумаар хэмнэхэд тустай гэж Москвагийн зүгээс үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ болон Их Британийн Батлан хамгаалахын сайд нар Украины асуудлаар уулзлаа  
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй