Шууд Chart

Украины асуудал Европын хийн зах зээлд нөлөөлнө

2022-01-29 08:03:22

Украины хурцадмал асуудлаас үүдэн Европ дахь хийн нийлүүлэлт тасалдаж болзошгүйг "CNN" агентлагийн шинжээчид онцолж байна. Тиймээс АНУ тэргүүтэй холбоотон улсууд хийн нийлүүлэлт тасалдвал арга хэмжээ авах гэнэтийн төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна.

Европ эрчим хүчний хямрал нь мэргэжилтнүүдийн санаа зовоосон тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс АНУ болон холбоотон орнууд Оросоос авах хий тасалдвал авч болох арга хэмжээ, өөр эх үүсвэрүүдийг судалсаар байгааг энэ долоо хоногт цагаан ордноос мэдэгдсэн. Харин Германы олон улсын болон аюулгүй байдлын хүрээлэнгийн Зүүн Европын шинжээч Янис Клюге "Үнэхээр хурдан бөгөөд хялбар хувилбар байхгүй" гэж онцолжээ.

Гэсэн хэдий ч эрчим хүчний зах зээлд ийм том интервенц хийх нь төвөгтэй байх болно гэж шинжээчид үзэж байна.

Шинэ шугам, шинэ хоолой, хий шингэрүүлэх байгууламж барих нь мэдээж олон жил шаардах нүсэр ажил болно. Одоогоор Европ ОХУ-ын хийг орлуулах боломж байхгүй.

Европын эрчим хүчний хангамжийг баталгаажуулах тэмцэл нь Оросоос хэр хамааралтай болохыг харуулж байна гэж Нидерландын ING банкны макро эдийн засгийн шинжээч Карстен Бжески үзэж байна.

"Евростат" мэдээллийн агентлагийн мэдээлснээр 2020 оны байдлаар Европын холбооны байгалийн хийн импортын 38 орчим хувийг ОХУ-ын хий эзэлж байна.

Энэ нь Европын холбоо тухайн онд Оросоос ойролцоогоор 153 тэрбум шоо метр байгалийн хийн тээвэрлэсэн гэсэн үг. Харин Европын холбооны хамгийн том эдийн засагтай улс болох Герман нь нүүрс болон цөмийн эрчим хүчнээс ангижирч байгаагаа зарласаар байна.

Байгалийн хийг хадгалах боломжтой ч өнгөрсөн оны сүүлчээр ОХУ Европ руу экспортлох хийн хэмжээгээ бууруулсантай холбоотой нөөц нь хэвийн хэмжээнээс эрс багассаар хүнд өвлийг туулна гэдгийн олон шинжээчид онцолсон.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол энэ сарын эхээр "Газпром" зах зээлийн үнэ өндөр байсан ч 2021 оны дөрөвдүгээр улиралд Европ руу хийх экспортоо өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар бууруулсан гэж мэдэгджээ.

Тэгвэл цаашид Орос улс эрчим хүчний экспортоо зэвсэг болгохоор шийдвэл Европын эрчим хүчний хямрал улам даамжирч, энэ хэрээрээ Оросын эдийн засаг хүндэрнэ. Нефть, байгалийн хийн экспортын орлого нь ОХУ-ын төсвийн тэн хагасыг бүрдүүлдэг.

Иймээс аль аль талдаа ярвигтай асуудал учраас хийн асуудлыг улс төрөөс ангид, бизнесийн зарчимд тулгуурлах нь  зүйтэй гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины асуудал Европын хийн зах зээлд нөлөөлнө  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй