Шууд Chart

Индонезийн нүүрс экспортын хориг дуусч, ирэх долоо хоногоос тээвэрлэлт эхэлнэ

2022-01-29 08:27:45

Индонезийн нүүрс экспортын хориг ирэх долоо хоногт дуусч байна. Иймээс тус улсын нүүрс борлуулалтын шинэ журамд нийцсэн олборлогчид, нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлэх гэж байна. Одоогоор Индонезийн 117 нүүрс олборлогч компани дахин тээвэрлэлт хийх шаардлагыг хангажээ.

Индонезийн Эрчим хүчний сайдын зөвлөх Ирванди Ариф "Дотоодод нүүрс нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, эсвэл торгууль төлөхийг зөвшөөрсөн уурхайнуудад нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг нь олгож байна" гэжээ.

Уурхайчид олборлосон нүүрснийхээ дөрөвний нэгийг орон нутгийн цахилгаан станциудад тонн тутмыг нь 70 ам.доллараас хэтрэхгүй үнээр борлуулах ёстой гэсэн шаардлагыг Индонезийн Засгийн газраас тавьсан.

Тус улсын хэмжээнд 600 орчим нүүрс олборлогч компани байдаг. Эдгээр компаниуд нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн илүү хатуу журмыг дагаж мөрдөх ёстой болж байна.

Үүнд нүүрс экспортын хориг цуцлагдсан ч сар бүр дотоодод нүүрс нийлүүлсэн тайлангаа нийтлэх ёстой. Хэрэв нийтлээгүй тохиолдолд торгууль ногдуулахаас гадна лицензийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах аж.   

Пүрэв гарагт болсон Эрчим хүчний яамны хурлын үеэр ахлах албан тушаалтан Ридван Жамалудин нэгдүгээр сард дор хаяж найман улс экспортын хоригийг цуцлахыг хүссэн гэжээ.

Тиймээс тус улс ч нүүрс экспортын хоригоо хөнгөвчлөхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байна. Ирэх сард Индонезийн дотоодын нүүрсний нийлүүлэлт баталгаажсан. Тиймээс эрчим хүчний томоохон тасалдал үүсэхэд ойртсон хямрал дахин давтагдахгүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны сүүлчээр Индонезийн Эрчим хүчний яамнаас дотоодод эрчим хүчний хямрал үүсэх эрсдэл өндөр байгааг сануулсны дараа тус улсын Засгийн газар нүүрсний экспортод хориг тавьж эхлээд дотоодын хэрэглээгээ хангахыг нүүрс олборлогчдод үүрэгдсэн юм.

Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг цочирдуулсан явдал болсон бөгөөд БНХАУ-ын зах зээлд нүүрсний ханш шууд өсөж эхэлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн нүүрс экспортын хориг дуусч, ирэх долоо хоногоос тээвэрлэлт эхэлнэ  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй