Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Украины хямралын талаар ОХУ-д шийдвэртэй хариу өгөхөө амлалаа

2022-01-29 12:01:34

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Украины асуудлаар тодорхой шийдвэртэй хариу өгнө гэж амласан. Харин ОХУ АНУ-ын хариу арга хэмжээг өөдрөгөөр харахгүй байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Вашингтон ОХУ-ын томоохон шаардлагыг няцаасан хариуг бичгээр явуулсан гэдгийг дурдсан.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков пүрэв гарагт АНУ-ын хариу арга хэмжээг Ерөнхийлөгч Владимир Путинд уламжилсан тухай мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч  Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчтэй дээд хэмжээний уулзалт хийх эсэхээ ажлын түвшний хэлэлцээ хийсний дараа шийднэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.

Албаныхан АНУ-ын баримт бичгийг нарийвчлан судалсны дараа Ерөнхийлөгч Владимир Путин цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар шийдвэр гаргана гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж Украин, ОХУ-ын хил орчмын нөхцөл байдлын тухай санал солилцсон байна.

Үүний дараа Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд “Ерөнхийлөгч Байден хэрэв ОХУ Украинд цаашид түрэмгийлбэл АНУ холбоотнууд болон түншүүдийнхээ хамтаар шийдвэртэй хариу өгөхөд бэлэн байгааг дахин нотолсон” гэжээ.

АНУ өнгөрсөн онд Украинд хагас тэрбум гаруй долларын бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд макро эдийн засгийн нэмэлт дэмжлэг авахаар судалж байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "твиттер" хуудсандаа Ерөнхийлөгч Жозеф Байдентай сүүлийн үеийн хурцадмал байдлыг намжаах талаар ярилцаж, дипломат хүчин чармайлтыг нэмэгдүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар тохиролцсон гэж жиргэжээ.

Тэрбээр мөн АНУ цэргийн тусламж үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Украины хямралын талаар ОХУ-д шийдвэртэй хариу өгөхөө амлалаа  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй