Шууд Chart

Усны үхэр харагдаж буй шигээ амгалан амьтан биш

2022-02-09 11:37:18

Армана буюу Усны үхэр (Hippopotamus amphibius) нь зөвхөн Африк тивд амьдардаг, том биетэй, голчлон өвс ургамлаар хооллодог амьтан. Түүний биеийн урт 3.5-4 метр, биеийн жин 1.2-2.6 тонн юм. Хуурай газрын амьтад дотор заан болон цагаан хирсний дараа гуравдугаарт орох хүнд жинтэй. Бүдүүн бахим, бөөрөнхийдүү лагс бие, богино хөл зэрэг гахайтай төстэй тул ойр холбоотой гэгдэж байсан ч, генийн шинжилгээгээр үхэртэй илүү ойр болох нь батлагдсан ба хуурай газар дээрх амьтдаас халимтай хамгийн ойр удамшлын гентэй ажээ. 

Толгой хэсэг нь нилээд том, орой хэсэгтээ нүд, хамар, чих нь төвлөрөн товойж гарсан байдаг нь онцлог юм. Иймд усны мандалд зөвхөн нүүр хэсгээ ил гарган ойр орчмоо ажиглаж байх нь олонтаа таарна. Хамрын нүх сувгаа чөлөөтэй хааж, нээж чаддаг тул усанд шумбах явцад ус орохоос хамгаална. Эрүүний булчин нь сайтар хөгжсөн бөгөөд амаа 150 градус хүртэл том ангайж чадна. Энэхүү том аманд нь үүдэн шүд, соёо ургасан байдаг. Ялангуяа доод эрүүний дунд соёо нь 40-50 см хүртэл урт байх ба хүчирхэг зэвсэг нь болно.

Тэд ихэвчлэн усанд байх ч хуурай газар 40 км/ц хүртэл хурдан давхих чадвартай. Гэхдээ ийм хурдаар хэдхэн зуун метр л давхина. Усанд сайн шумбах ба усан дотор 4-5 минут байж чаддаг. Мөн усны ёроолд алхаж явж чаддаг.

Усны үхрийн гадаад төрх нь номхон дөлгөөн, өвсөн тэжээлт амьтан гэж харагдуулах ч зэрлэг армана нь эзэмшил газраа орж ирсэн өөр усны үхрээс гадна матар болон хүн рүү дайрч довтлон хөнөөдөг байна. Эрэгчин усны үхрүүд газар нутгаа булаалдан тэмцэж хүнд шарх авах, үхэх нь цөөнгүй аж.

Мөн шинээр эзэмшил нутагтай болсон эрэгчин армана, арслантай адил түрүүчийн сүргийн ахлагчийн үр төлийг алж хороодог болох нь тогтоогджээ. Африкт зэрлэг амьтны дайралтаас болж амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь усны үхрээс болдог байна. Гол усны ойр хавийн эзэмшил нутагт нь нэвтэрснээс ийм хэрэг болдог аж.

Армана өдрийн ихэнх цагийг усанд өнгөрөөнө. Шөнөөр хуурай газар гарч өвс ургамлаар хооллоно. Гэвч бас үхсэн амьтны мах, сэг зэмээр хооллох нь элбэг гэнэ. 1997 оны долоодугаар сард арманын сүрэг пала гөрөөс барьж идэж буй бичлэг байдаг аж. Мөн үхсэн эрээн тахь идэж байсан тухай бүртгэл ч байна.  Уг нь Арманын гол идэш тэжээл нь өвс ургамал ба тэд өвсөн тэжээлт амьтанд тооцогддог юм.

Арманын нийллэг болон төрөлт усанд явагдана. Тэд 10-20-оор сүрэглэн амьдардаг аж. Эмэгчин нь 210-240 хоног хээлээ тээж голдуу нэг, ховор тохиолдолд ихэр зулзага гаргана. Эрэгчин нь таван нас, эмэгчин нь дөрвөн нас хүрээд нийллэгт орох нас бие гүйцнэ. Дөнгөж төрсөн зулзага 25-45 кг, 127 см урт байна. 

Армана 40-50 орчим жил насалдаг. Гэвч Германы амьтны хүрээлэнгийн эмэгчин армана 61 хүрсэн тохиолдол бий юм. 


Усны үхэр харагдаж буй шигээ амгалан амьтан биш  
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй