Шууд Chart

Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл нуурын усны чанарын лабораторийг шинэчилж өргөжүүлнэ

2022-02-25 12:55:17

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганд оролцогчдын саналыг нэгтгэсэн 10 санаачилга гаргаж, өчигдрөөс заримыг нь хэрэгжүүлж эхэлж байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы төгсгөлд мэдэгдсэн юм. Түүнээс энэ талаар тодрууллаа. 

-Чуулганд оролцогчдын саналыг нэгтгэсэн 10 санаачилга гаргаж, заримыг нь хэрэгжүүлж эхэлсэн гэж мэдээллээ. Энэ талаар тодруулбал?   

-Эдгээр ажлыг төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоотой ажлын хэсэг байгуулж хамтран хийж хэрэгжүүлнэ. Зарим ажил одоо ингээд шууд ажил хэрэг болоод явна. 

1. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын газар нэмж олгохгүй.
2. Хөвсгөл нуурын нөлөөллийн бүс дэх 5 газрын хур хогийн цэгийг цэгцэлнэ.
3. Нүхэн жорлонг цаашид нэгийг ч нэмэхгүй. Одоо байгаа нүхэн жорлонг үе шаттай цэгцлэх арга хэмжээ авна. Үүнд ногоон зээлийг чиглүүлэх боломжийг ч өнөөдрөөс судалж эхэлнэ.
4. Тухайн бүс нутаг дахь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад аттестатчилал явуулна. Үүнийг ААН-үүдээ боомилох нь гэж ойлгож болохгүй. Тэнцэхгүй тохиолдолд ямар тусламж дэмжлэг илүү шаардаж байна гэдгийг ч судална. ТББ, Экологийн цагдаагийн албатай хамтарсан ажлын хэсэг ирэх 7 хоногоос ажилдаа орно.
5. Усан тээврийн үйл ажиллагаанд ОУ-ын стандарт нэвтрүүлнэ. Хөвсгөл нуурт 100 гаруй жижиг, дунд оврын усан онгоц, зав ажилладаг мэдээ байна. Мөн аялагчид өөрсдөө ч онгоц, завьтай ирдэг. Үүнд стандарт мөрдөнө.
6. Хөвсгөл нуурын усны чанарын лабораторийг шинэчилж өргөжүүлнэ.
7. Хөвсгөл нуурт живсэн машинуудыг татаж гаргах үйл ажиллагааг эхэлнэ. ОБЕГ-ын мэдээгээр 20 гаруй машин байна. Үүнийг нарийвчлан судлахаас ажлаа эхэлнэ.
8. Жанхай, Ханх чиглэлийн автомашиныг замыг сайжруулна. Түр отоглох цэгүүдийг сайжруулна, нэмж барина. Манайхан бие засах газар гэж ойлгоод байдаг. ОУ-ын стандартын дагуу түр отоглох цэг байгуулна.
9. Хөвсгөл нуурын судалгаа шинжилгээний төвийг байгуулна.
10. Хөвсгөл нуур түшиглэсэн аялал жуулчлалын цогц төлөвлөгөө гаргана. Энэ нь Хөвсгөл аймгийн хөгжлийн мастер төлөвлөгөөтэй уялдана. Тухайлбал ОУ-ын нислэг хийх боломжоор хангах зэргээр асуудлыг шийднэ.

-Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газарт газар олгохгүй гэсэн шийдвэрийг өмнөх сайд нар ч гаргаж байсан. Гэсэн ч биелээгүй. Түүх давтагдах вий гэсэн болгоомжлол байна?

-Дээрх чиглэлүүдээр Засгийн газар шийдвэр гаргана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарна гэж ойлгож байна. Дээр нь Үндэсний хөтөлбөр ч шаардлагатай.

-Монгол Улсын, дэлхийн цэвэр усны нөөц гэдэг утгаараа Хөвсгөл нуурыг түшиглэсэн аж ахуй эрхлэх, бизнес хийх талаа түрүүнд битгий тавиач ээ гэдэг санал шүүмжлэл ч чуулганаар цөөнгүй гарлаа. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Аялал жуулчлал хөгжих ёстой. Гэхдээ хор нөлөөтэй байдлаар хөгжүүлж болохгүй. Энд стандартын л асуудал бий. Эко үйл ажиллагаа эрхлэх асуудлыг стандартаар л зохицуулна. Үүнийг илүү анхаарах ёстой. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл нуурын усны чанарын лабораторийг шинэчилж өргөжүүлнэ  
Үзсэн: 2973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй