Шууд Chart

М.Хуягбаатар: Хөвсгөл нуурыг таньж, мэдүүлэх нь өөрөө нуур хамгаалах том арга хэрэгсэл

2022-02-25 13:52:27

Хөвсгөл нуур хамгааллын үндэсний чуулганд Хөвсгөл аймгаас тухайн  нутгийн иргэд, малчид, аялал жуулчлал эрхлэгчид, аймгийн Онцгой байдлын ажилтан, албан хаагчид, Алаг-Эрдэнэ, Ханх сум, Хатгал тосгоны нутгийн удирдлага гээд нийт 140 гаруй төлөөлөл оролцсон юм. Тавьсан асуудал, саналууд үндэсний хэлэлцүүлгийн зөвлөмжөөр дамжин төрийн бодлого, шийдвэр болж хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа хэлж байлаа.

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатартай Хөвсгөл нуур хамгаалал, аялал жуулчлалын сэдвээр ярилцлаа.

-Хөвсгөл нуур тойрсон маш олон асуудал бий. Хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудлыг тодорхойлвол?

-Нэгдүгээрт, нутгийн удирдлагын хувьд гэхээсээ илүү хувь хүний байр суурийг илэрхийлье. Замбараагүй газар олголттой холбоотой нутгийн иргэд,  аж ахуйн нэгжүүдийн хооронд маш их зөрчил үүсэж байна. Мөн дээр нь дунд болон анхан шатны байгууллагуудад  мэдэгдэхгүй, тэдний зөвшөөрөлгүй яамнаас газар олгохоор газар авч чадахгүй байгаа нутгийн иргэд, нутгийнхан дураараа хашаа барих, хашаагаа томсгох гээд эмх зарбаагүй байдал бий болж байна. Газар олголтыг журамлах, өмнөх олгосон шийдвэрүүдийг эргэж харах, цэгцлэх нь чухал байна.

Хоёрдугаарт, эко ариун цэврийн байгууламж, түүнд тавих хяналт шалгалт чухал байна. Бохироо зөөхөөс төвөгшөөдөг үү,  буруу хийснээс болдог уу бохироо хөрсөндөө шингээгээд байна. Хог хаягдал дээр мөн асуудал бий.  

-Хөвсгөл нуурын асуудлыг хэлэлцэн шийдэх санал санаачилгыг анх удаа төрийн дээд хэмжээнд гаргаж, үндэсний хэмжээнд ярилаа. Үр дүнг хэрхэн тодорхойлж байна вэ?  

-Үндэсний хэмжээнд нийт бүх талыг оролцуулсан, тэр дундаа нутгийн иргэдийн бүх төлөөллийг  оролцуулсан хэлэлцүүлэг өндөр үр дүнтэй байна гэж итгэж байна. Чуулганд оролцогсдын санал зөвлөмж дээр үндэслэн гарсан төрийн шийдвэрүүд ч амьдралд нийцнэ.  Ер нь Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах ажлыг нутгийн иргэд дээр түшиглэж хийх нь маш чухал. Тэд үеийн үед  Хөвсгөл нуурыг хамгаалсаар ирсэн. Дээр нь Хөвсгөл нуур өөрөө яагаад ариун дагшин байх ёстой, бид юуны учир хайрлаж хамгаалах ёстой вэ гэдгийг таниулсан сурталчилгаа их хэрэгтэй. Монгол орны хаанаас ч, хэн ч ирсэн энэ талаарх ойлголт нь өндөр түвшинд баймаар байна.

Хөвсгөл нуур хамгаалалттай холбоотой энэ хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг тусгасан бодлогын баримт бичиг, шийдвэрүүд МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Энэ нөхцөлд орон нутаг ч өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг цаашид шийдээд явах боломжтой.

-Хөвсгөл нуур Монголын төдийгүй дэлхийн цэнгэг цөөхөн нуурын нэг. Байгалийн өвөрмөц тогтоцтой, цэвэр усны нөөц гэдэг утгаар нуур түшиглэсэн аялал жуулчлалын арга хэлбэр өөр, бодлого, зохицуулалт ч өөр байх ёстой гэсэн саналыг оролцогчид дэвшүүлж байна. Үүн дээр  ямар байр суурьтай байна вэ?

-Хөвсгөл аймаг эко аялал жуулчлалыг Засгийн газрын бодлоготойгоо уялдуулж, мөн орон нутгийн хөгжлийн онцлог, иргэдийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан хөгжүүлнэ. Бид өнөөдрийн 100 мянган жуулчиндаа сэтгэл ханаад суугаад байж болохгүй. Хөвсгөл аймаг 500 мянга, нэг сая жуулчин хүлээж авдаг болохын тулд аж ахуйн нэгж, иргэд, аймаг бодлого, үйл ажиллагаагаа тэлж байх ёстой. Энэ бодлого, төлөвлөгөөтэй баримт бичгээ боловсруулаад явж байна. Ер нь хувь хүнийхээ хувьд шийдэл нь эко, байгальд хор хөнөөлгүй л бол аялал жуулчлалын олон бүтээгдэхүүн санаачилж, хийж хэрэгжүүлэхэд болно гэж үздэг.

-Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөнд Хөвсгөл нуурт казино байгуулах санал орсон юм уу?        

-Энэ жишээ авч ярьсан хэрэг. Энэ өнөөдөр яриад маргааш хийчихдэг ажил биш байх. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч ороогүй. Ер нь бидэнд жуулчдаа татах бүтээгдэхүүнүүд хэрэгтэй байна.  Нуурын эргэ дээр хонож нуур харчхаад буцъя гэх жуулчин, амрагчид өнөөдөр хэр олон билээ. Тэднийг үзэх, ярих, сонирхлыг нь татах юмтай баймаар байна шүү дээ. Мөнгөтэй, үүргэвчтэй аялагчид аль алинд нь зориулсан үйлчилгээ байх ёстой. Ингэж байж улс орон, аймаг хөгжинө. Ер нь Хөвсгөл аймагт жуулчны идэвхтэй хугацаа 45 хоног байдаг гэж сая чуулган дээр хэлж байна. Гэтэл хөрөнгө оруулагчид ийм хугацаагаар цөөхөн үйлчилгээтэй ажиллавал хэзээ хөрөнгөө нөхөж, ашиг олох вэ.  

-Мөсний баяр Хөвсгөл нуурыг бохирдуулах бас нэг эх үүсвэр гэж зарим нь шүүмжилж байна. Үүнд та ямар хариу өгөх вэ?

-Бид байгаль бохирдоно гээд сөрөг үр дагаврыг нь хараад юу ч хийхгүй байвал Монгол улс хөгжихгүй. Бид Хөвсгөл нуурыг хамгаална. Энэ хамгааллын хүрээнд мөсний баяраа зохион байгуулна. Хүмүүсийн санаа тавиад байгаа асуудлыг анхаарч, аюулгүй байдал, бохирдлын асуудлыг нэн тэргүүнд анхаарч байна. Машинуудыг далайн эрэг дээр байрлуулна. Бие засах явуулын жорлонгуудыг  байрлуулж ажиллуулахаар хувийн хэвшилтэй гэрээ хийгээд хамтран ажиллаж байна. Ирсэн зочдоо бухимдуулахааргүй хэмжээнд зохион байгуулахын тулд Хөвсгөлийн олон арван байгууллагын хэдэн  зуун хүн ажиллаж байна.

Мөсний баяр бол Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны аялал жуулчлалын онцгой өвөрмөц эвэнт. Өвөл болдоггүй орнуудад ийм баяр хийх гэж мянган жил ч мөрөөдөөд чадахгүй шүү дээ. Ийм сайхан байгаль, цаг уур бидэнд байна. Түүнийг танин мэдүүлж, сайхныг нь мэдрүүлэх нь өөрөө байгалиа хамгаалах том арга ажиллагаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

М.Хуягбаатар: Хөвсгөл нуурыг таньж, мэдүүлэх нь өөрөө нуур хамгаалах том арга хэрэгсэл   
Үзсэн: 4277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй