Шууд Chart

НАТО-ийн гадаад харилцааны сайд нарын уулзалт болж байна

2022-03-05 12:31:03

НАТО-ийн гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын ээлжит бус уулзалт Брюссель хотноо болж байна. Уулзалтад, НАТО-ийн гишүүн бус Швед, Финланд улс болон Европын холбооны төлөөлөгчид оролцож байгаа юм. Тус уулзалтын үеэр НАТО Украины нутаг дэвсгэрт нислэггүй бүс байгуулах тухай ерөнхийлөгч Зеленскийгийн уриалгаас татгалзаж байгаагаа илэрхийллээ. Мөн ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг өргөжүүлэхээр хэлэлцэж байгаа аж.

Тодруулбал, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столнберг, Европын орнуудын аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзэж, НАТО-ийн хувьд Оросын энэ цэрэг дайны ажиллагааг Украины нутаг дэвсгэрээс хальж, өргөжин тэлэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэж байр сууриа илэрхийллээ.

Харин Туркийн гадаад харилцааны сайд Чавушоглу, Орос-Украины уулзалтыг сайд нарын түвшинд зохион байгуулахад зуучлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд, Турк улсын Анталя хотноо олон улсын дипломатын форум болно. Турк улс энэ форумын хүрээнд Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба нарын уулзалтыг хийх боломжтой гэж мэдэгдсэн.

Оросын талаас энэ форумд оролцохоо мэдэгдсэн бол, Украины талаас одоогоор энэ уулзалтад оролцох шийдвэрээ гаргаагүй байна. НАТО-ийн гадаад харилцааны сайд нарын уулзалтаар Украины хямрал, тэр дундаа тус улсад үзүүлэх улс төр, эдийн засаг, санхүү, цэрэг зэвсгийн тусламжаас гадна НАТО зүүн жигүүр буюу Оростой хил залгаа гишүүн орнуудынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх, тэнд яаралтай хүчээ төвлөрүүлэх эсэх талаар нэгдсэн шийдлээ хэлэлцэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО-ийн гадаад харилцааны сайд нарын уулзалт болж байна   
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй