Шууд Chart

Нойр хүрдэггүй ээ ...

2014-06-11 14:12:33

/Нэг хүний үглэлт өгүүлэмж/

Энэ золиг шиг хүүхдүүдээс ганц боллоо. Эртүүд зүү тавиулж, сувиллын газар гайгүй эмчлүүлж овоо унтмаар аятай болоод ирсэн байдаггүй шүү. Манайх уг нь гурван өрөө, дунд хүү, бага охинтой Солонгос явсан тэдний бага хүүхэд нь хөгшин бид хоёр дээр үлдсэн.

Одоо ч айл болгонд эцэг, эх нь Америк, Солонгос яваад орхичихсон нэг, хоёр орхимол хүүхэд бий дээ. Тэдний л нэг. Цаг хоёр болох нв ээ ... Том хүү алга. Тэр золигийг ирэхгүй болохоор элдвийн юм бодоод бүр нойр хулжчих юм. Ойрноос үнэртүүлдэг болчихоод байгаа юм. Бэр гэж нэг адсага шиг ааштай амьтан бий.

Миний муу хүү очиж очиж халхын энэ олон сайхан хүүхнүүдийн дундаас адсага шиг ааштайг нь  олоод суучихдаг. Хүү ч авч суугаагүй ээ. Тэр чөтгөр л урдуур, хойгуур нь гүйж байгаад авчихсан хэрэг. За тэр ч яахав. Нэгэнт улирсан баларсан юм. Тэгсэн уржигдар бэр хэлж байна.

Аав одоо гурвуул, дөрвүүлэхнээ байж энэ гурван өрөөнд суугаад яадаг юм бэ? Айлд нэг хоёрыг нь хөлслүүлэе. Та хоёрын цайны сүүнд нэмэртэй, ерөөсөө тэгье гэж байна. Би зангийг нь мэддэг болохоор тэрэнтэй зөрөөд нэмэргүй гэдгээ мэдэх хойно. Тэгэхээс л гэлээ. 

Намайг за гэж хэлж дуусаагүй байхад нэг айл том өрөөнд нүүгээд ирчихдэг юм байна. Нөгөө айлтайгаа танилцаж амжаагүй байтал урд талын бага өрөөнд бас нэг хүүхэн залуу хоёр ороод ирлээ. Тэр хоёр нь нэг нялх хүүхэдтэй юм аа. Шөнө унтуулна гэж ярихгүй. Ямар амьтан гэж хэлээ амандаа хийхгүй орилдог байна аа. Нялх амьтныг чинь боль гэж загналтай биш. Шөнө уйлахаар нь нөгөө залуу нь тэврээд коридороор өглөө болтол наашаа, цаашаа холхичихно. Энэ том өрөөнд орсон айлд нэг сүрхий амьтан бий. Шөнө арван нэг хоёр гээд хөл дээрээ тогтож чадахгүй амьтан орилж хашгичсаар орж ирдэг. Эхнэртэйгээ зодолдоод дайн дажнаас долоон дор. Энэ байшинг чинь бүр буулгаад тавьчихна. Өчигдөр бий салгах гэж дундуур нь ороод энэ.

Эгээтэй л толгойгоо хага цохиулчихсангүй /толгойгоо боосон байна/. Цаг юу болж байна аа. 2 өнгөрөв өө. Нөгөө согтуу толгойт одоо ирнэ ээ ирнэ. Харин нөгөө нялх нь уйлсангүй. Яагаа юм бол. Ээ мөн горьгүй байна шүү. Үзээгүй юмаа үзэж үхэр цам харайна гэдэг нь л энэ байх. Хөлсөлсөн айлууд нь нэг жил болох гэж байдаг. Бушуухан шиг л хашаа байшин аваад арилах минь. Олдохгүй бол яах вэ, траншейнд ч хамаагүй хэвтэнэ дээ.

Нойр л бүрэн бүтэн хонож байв л хаа ч яахав дээ. Байз хаалга уу даа? Манай бэр бас шөнийн бор хоногтоо орж ирдэг болоод байна аа. Айлын бэр эхнэр хүн гэх харанхуй шөнө яадаг юм бэ бүү мэд. Хүү ч яахав үнэртүүлж ирээд муу гудас чирээд эхийнхээ дундуур унаад өгдөг юм. Хаа очиж иймээ тиймээгүй шүү. Мөрөөрөө л амьтан. Энэ хоёр тус тусдаа унтдаг болчихоод байгаа юм. Юу ч болоод байгаа юм бүү мэд. Байз хаалга уу даа...

 
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Нойр хүрдэггүй ээ ...  
Үзсэн: 2469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй