Шууд Chart

ОХУ-Украины 3 дахь шатны хэлэлцээ үр дүнгүй өндөрлөлөө

2022-03-09 12:20:49

Украинд гал зогсоохын төлөөх Орос, Украины засгийн газар хоорондын гурав дахь шатны хэлэлцээ өчигдөр орой Беларусийн нутагт болж, үр дүнгүй өндөрлөлөө. Хоёр тал 3 дахь хэлэлцээнээс хүлээж байсан үр дүнд хүрээгүйг уулзалтын дараа мэдэгджээ. Энэ удаагийн хэлэлцээгээр 2 дахь шатны уулзалтаар тохирсон хүмүүнлэгийн коридор гаргах асуудлыг дахин хэлэлцсэн байна.

Оросын төлөөлөгчдийн тэргүүн уулзалтын дараа байр сууриа илэрхийлэхдээ: Украинд хүмүүнлэгийн коридор мягмар гарагаас нээгдэнэ гэж найдаж байна. Украины тал энэ тал дээр баталгаа өгсөн. Харин улс төрийн зохицуулалт хийх дээр ахиц гараагүй ч дараагийн шатны хэлэлцээ үр дүнтэй болно гэдэгт найдаж байна гэж мэдэгдлээ.

Тодруулбал, ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский, “Хэлэлцээнээс бидний хүлээж байсан үр дүн гарсангүй. Гэхдээ бид дараагийн удаад илүү чухал алхам хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Яриа хэлэлцээ цаашид үргэлжлэх болно. Цэрэг, улс төрийн асуудлыг ч хэлэлцсэн. Гэхдээ нааштай зүйл хэлэхэд эрт байна. Бид хэлэлцээрийн тодорхой төсөлтэй ирсэн. Үүнд гарын үсэг зурна гэж найдаж ирсэн ч Украины тал хэлэлцээрийн төслийг судлахаар аваад явлаа.” гэлээ.

Харин Украины төлөөлөгчдийн тэргүүн Михаил Подоляк, “Хүмүүнлэгийн коридорын ложистикийн талаар бага зэрэг эерэг өөрчлөлт гарсан. Улс төрийн гол асуудлын хувьд Гал зогсоох, энхийн хэлэлцээр байгуулах талаар уулзалт, хэлэлцээ үргэлжлэх болно. Яг одоогоор нөхцөл байдлыг сайжруулах дорвитой үр дүн гараагүй байна. Гэхдээ хэлэлцээ үргэлжилнэ, бид үр дүнд хүргэх болно.” гэв.

Хэлэлцээний дараа ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, "Мягмар гарагийн өглөөнөөс гал зогсоож, Украины дөрвөн хотод хүмүүнлэгийн коридор нээнэ, Украинчууд аль улс руу нүүн шилжихээ өөрсдөө шийдэх боломжтой" гэж мэдэгдсэн байна. 

Өмнөх тохиролцооны дагуу Украины Харьков, Мариуполь хотуудаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридор гаргасан ч хоёр талын арми гал зогсоогоогүйгээс үүдэн бүтэлгүйтсэн. Аюулгүй коридор гаргах үйл явцын үеэр Украины армийн удирдлагууд төрөөсөө өгсөн тушаалын дагуу ажиллахгүй байснаас нүүлгэн шилжүүлэх ажиллагаа бүтээгүй гэж Оросын тал Украиныг буруутгасан.

Харин Украины тал "Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үеэр гал зогсоох тохиролцоог Оросын армийнхан зөрчсөн" гэж үзсэн юм. Даваа гарагийн өглөө Оросын батлан хамгаалах яам Киев, Харьков, Мариуполь, Сумы гэсэн дөрвөн хотод хүмүүнлэгийн коридор гаргах санал гаргасан ч Украины тал энгийн иргэдийг Орос, Беларусь руу гаргахгүй гэсэн үүднээс зөвшөөрөөгүй юм. Оросын уг санал Киевээс гаргах иргэдийг Беларусь руу, бусад гурван хотоос гаргах иргэдийг Орос руу нүүлгэх коридор санал болгосон юм.

Хэлэлцээнд Орос Украиныг эвсэлд үл нэгдэх статусаа парламентын түвшинд баталгаажуулах, энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах, Донецк, Луганскийн БНУ-уудыг одоогийн засаг захиргааны хилээр нь хүлээн зөвшөөрч, Крымийн хойгийг Украинд буцааж өгөх шаардлагаасаа ухрах нөхцөл тавьж байгаа юм.

Харин Украин гал зогсоож, цэргээ эргүүлж татах нөхцлүүдийг ОХУ-д тавьж байгааг 2 дахь хэлэлцээний өмнө Украины тал нийтэд мэдээлж байсан. Хэлэлцэгч хоёр тал дараагийн шатны буюу 4 дэх шатны хэлэлцээг Беларусийн нутагт ойрын үед зохион байгуулахаар тохиролцлоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-Украины 3 дахь шатны хэлэлцээ үр дүнгүй өндөрлөлөө   
Үзсэн: 1766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй