Шууд Chart

АНУ-ын инфляц өнгөрсөн онд 7,9 хувиар өсчээ

2022-03-13 10:54:43

АНУ-д байгалийн хий, хүнс, орон сууцны үнийн өсөлтөөс шалтгаалсан хэрэглээний инфляц өнгөрсөн онд 7,9 хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн 40 жилийн хамгийн дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Энэ үзүүлэлтэд өнгөрсөн 2 дугаар сарыг хүртэлх  нэг жилийн хугацааны инфляцын  өсөлтийг хамруулсан. Өөрөөр хэлбэл Орос улс Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээс хойших газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт энэ үзүүлэлтэд багтаагүй аж.

Украинд цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш АНУ-ын хэмжээнд байгалийн хийн дундаж үнэ галлон тутамдаа 62 центээр нэмэгдэж, 4,32 америк долларт хүрчээ.

Сүүлийн 12 сарын хугацаанд хэрэглээний зардал тогтмол өсөж, орон сууцны үнэ огцом өссөн, нийлүүлэлтийн байнгын хомсдолтой байсан нь Америкт  инфляцыг сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүргэх шалтгаан болсон гэнэ. Мөн 1-ээс 2 дүгээр сард гэхэд бараг бүх төрлийн бараа үйлчилгээний үнэ өссөн аж.

Тухайлбал хүнсний бүтээгдэхүүний үнэ 1,4 хувиар өссөн нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Мөн  жимсний үнэ 2,3 хувиар өсч,  2010 оноос хойших хамгийн өндөр өсөлтөөр тэмдэглэгдлээ. Үүнээс гадна шатахууны үнэ 6,6 хувиар, бэлэн хувцасны үнэ 0,7 хувиар тус тус өсжээ. 

Инфляцын энэ  өсөлт нь эргээд жирийн иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгаа аж. Эдийн засгийн энэ таагүй нөлөө нь завсрын сонгууль ойртсон ийм үед ерөнхийлөгч Байден болон Конгресс дахь ардчилсан намынханд улс төрийн гол сорилт болж байна.

Инфляцын өсөлтийг зогсоохын тулд Холбооны нөөцийн банк ирэх 7 хоногт бодлогын хүүгээ 0,25 хувиар өсгөж, энэ онд хэд хэдэн удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хэрвээ холбооны нөөцийн банк энэ онд зээлийг хэт хумивал эдийн засгийн өсөлтийг бууруулж, улмаар уналт руу түлхэх эрсдэлтэй гэж болгоомжилж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын инфляц өнгөрсөн онд 7,9 хувиар өсчээ   
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй