
Францын нийслэлд эхэлсэн Европын холбооны эрх баригчдын албан бус дээд уулзалтаар Европын холбоо Украиныг түргэвчилсэн байдлаар элсүүлэх асуудалд нухацтай хандах ёстой гэсэн байр сууриа давамгайлав.
Харин зарим улсууд Европын холбоо Украины гишүүнчлэх үйл явцыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гишүүнчлэлээс гадна Украинд тал бүрийн дэмжлэг үзүүлэх, Европыг Оросын эрчим хүчний хамаарлаас гаргахад Европын холбооны эрх баригчид гол анхаарлаа хандуулжээ.
Тодруулбал, Украины байдлыг 9 цаг гаруй хэлэлцсэний дараа Европын эрх баригчид Украины “Европыг эрэлхийлэх хүсэл эрмэлзэл”-ийг хүлээн зөвшөөрсөн ч яг түргэвчилсэн горимоор элсүүлэх асуудал руу орсонгүй. Үүнийг нотолж Европын зөвлөлийн ерөнхийлөгч “энэ уулзалт бол Украиныг гуйвшгүй тууштай дэмжиж байгаагаа харуулах боломж байсан, Украин бол Европын гэр бүлийн гишүүн гэдэг нь тодорхой, бид Украинтай харилцаагаа бэхжүүлэх бүх чармайлтыг дэмжих сонирхолтой байгаа” гэж уулзалтын дараа байр сууриа илэрхийлсэн.
Европын холбооны орнууд Украиныг Оросын эсрэг тэмцэхэд нь бүхий л талаар дэмжихээ мэдэгдэж, өнгөрсөн 2 долоо хоногт Оросын эсрэг урьд өмнө авч байгаагүй эдийн засгийн хатуу хоригууд тавьж байгаа. Гэхдээ Европын холбооны эрх баригчид Украиныг түргэвчилсэн горимоор элсүүлж авах, Москватай эрчим хүчний харилцаагаа зогсоох тал дээр хуваагдмал байр суурьтай хэвээр байна.
Харин Украины ерөнхийлөгч Европын холбоо дэмжлэгээ бататгаж, улс орныг нь түргэвчилсэн горимоор элсүүлж авах улс төрийн онцгой шийдвэр гаргахыг шаардсаар байгаа юм. Өнөөдөр дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Украин болон Зүүн Европын орнуудын батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх, тусламж үзүүлэх, Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаас хэрхэн татгалзах вэ гэсэн 2 үндсэн асуудлыг хэлэлцэх юм байна.
Европын Холбоо Украиныг дэмжихэд нэгдмэл байгаа ч гишүүнчлэлд нухацтай хандаж байна | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.