
Туркийн гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу Орос, Украин хоёр цэрэг дайны ажиллагааг зогсоох хэлэлцээндээ ахиц дэвшил гаргаж, хоёр тал гол зөрчилдөөд байгаа асуудлаар “тохиролцоонд хүрэхэд” ойрхон байна гэж мэдэгдлээ.
Турк улс Орос, Украины хэлэлцээнд оролцогч төлөөлөгчидтэй холбоотой байгаагийн зэрэгцээ зуучлагч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр онцоллоо.
Турк улс Орос, Украины төрийн тэргүүн нарын уулзалтыг нутагтаа зохион байгуулах санал тавиад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус улсын өдөр тутмын сонинд ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн өгсөн мэдээллээр Орос, Украин хоёр "Украины төвийг сахих статус, зэвсэггүй болох, аюулгүй байдлын баталгаа өгөх, хэт үндсэрхэг үзлээс салах, Украинд Орос хэлний хэрэглээнд учирч буй саадыг арилгах, Донбасс, Крымийн хойгийн статус" гэсэн 6 үндсэн асуудлаар тохиролцохоор хэлэлцээ хийж байгаа аж. Мөн Туркийн гадаад харилцааны сайд өнгөрсөн 7 хоногт Орос болон Украинд айлчилж, гадаад харилцааны сайдуудтай нь уулзалт хийсэн юм.
БНТУ-ын Гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу: Энэ 7хоногт би Орос, Украины түншүүдтэйгээ уулзлаа. Эдгээр уулзалтын үр дүнд талууд зарим тодорхой асуудлууд дээр хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа тухай мэдээллийг бид олж авсан. Мэдээж бид шудрага зуучлагч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа учраас нарийн ширийнийг задруулах боломжгүй. Зөвхөн хоёр тал суурь асуудлаар дээр тохиролцоонд хүрэхэд ойрхон байгааг л хэлж чадах байна. Мэдээж дайн болж, энгийн иргэд амь үрэгдэж байхад хэлэлцээ хийнэ гэдэг амар биш.
Сануулахад , төвийг сахих тухай асуудал хэлэлцээний нэг хэсэг. Украин улс Турк, Герман болон НҮБ-ын байнгын таван гишүүн улсыг аюулгүй байдлын батлан даагч байхыг шаардаж байгаа гэж Туркийн гадаад харилцааны сайд мэдэгджээ. Турк нь Орос, Украины аль алинтай нь ойр харилцаатай байдаг. Турк улс Москватай эрчим хүч, худалдаа, батлан хамгаалах салбарт ойр харилцаатай боловч Сири, Ливийн сөрөг хүчнийг дэмжих бодлого барьдаг юм.
Анкара одоогоор ОХУ-д хориг арга хэмжээ аваагүйн дээр агаарын хилээ хаагаагүй. Харин Хар тэнгисийг Газар дундын тэнгистэй холбодог Туркийн хоолойг хаасан нь Оросын байлдааны онгоцнууд тус хоолойгоор нэвтрэх боломжгүй болгоод байна.
Турк улс угсаатан, шашны хувьд холбоотой байдаг татаруудын нутаг Крымийг ОХУ өөртөө нэгтгэсэнд шүүмжлэлтэй хандаж, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг чухалчилж иржээ.
БНТУ: ОХУ болон Украин тохиролцоонд хүрэхэд ойрхон байна | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.