
Өрнөдийн улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгах, улс төрийн шахалтаа нэмэгдүүлэх арга замуудыг эрэлхийлж байна. Европын холбоо болон Украин Бучад дайны гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
АНУ-ын конгресс Украинд зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгчөөсөө шаардаж байна. Мөн Европын холбоо Оросын газрын тос, нүүрсний экспортыг хаах замаар эдийн засгийн хатуу арга хэмжээ авах тухайд тал талын шахалттай тулгарч байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Украинд дайны гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж, шүүх хурал явуулахыг уриалжээ. Мөн Цагаан ордны тэргүүн Украины армийг давшилтаа үргэлжлүүлэхэд нь шаардлагатай зэвсгийг нийлүүлнэ, дайны гэмт хэргийн шүүх хуралд шаардлагатай бүх баримт мэдээллийг цуглуулах болно гэж мэдэгджээ.
ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасах асуудлыг АНУ НҮБ-ын Ерөнхий ассамблейд оруулахаар төлөвлөж байна. Хэрвээ Ерөнхий ассамблейн 193 гишүүний гуравны хоёр нь дэмжвэл Оросыг хүний эрхийг системтэйгээр зөрчсөн үндэслэлээр уг зөвлөлөөс хасах юм байна.
Түүнчлэн Герман Оросын 40 дипломатчийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр эх орноосоо гаргаж байна. Франц улс Оросын 35 дипломатчийг мөн эх орноосоо гаргаж байна.
Германы Батлан хамгаалахын сайд Оросоос байгалийн хий авахыг Европын холбооны хэмжээнд хориглох нь зүйтэй гэж мэдэгдлээ. Харин Сангийн сайд нь Оросын эдийн засгийг сулруулахуйц хатуу хориг тавих нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн Франц, Япон зэрэг улсууд Оросын эсрэг шинэ хориг тавих шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахаар төлөвлөж байна | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.