
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд хэлсэн үгэндээ “Мөн чанар болоод эрч далайц, үр дагаврын хувьд Украины дайн олон улсын дэг журам, энх тайван байгуулалд хамгийн том аюул занал учруулж байна” гэж мэдэгджээ.
"Буча хотод амиа алдсан энгийн иргэдийн сэтгэл өвдөм дүр зураг, хүнсний хомсдол, түлш эрчим хүч, бордооны үнийн өсөлтөөс шалтгаалан 1.2 тэрбумаар тоологдох хүн аж төрдөг хөгжиж буй 72 улсын байдалтай уялдан Украинд гал зогсоох нь өнөөдөр нэн тулгамдсан асуудал болж байна" гэж НҮБ-ын тэргүүн цохон тэмдэглэсэн байна.
Энэ хүрээнд Антонио Гутерреш улс орнуудыг зах зээлээ нээлттэй байлгаж, экспортдоо үндэслэлгүй хориг хязгаарлалт тогтоолгүй, өлсгөлөн нүүрлэж буй улсуудад хүнсний нөөцөөсөө хуваарилж, хүмүүнлэгийн дэмжлэг тусламжид хөрөнгө гаргахыг уриалсан байна.
Эрчим хүчний тухайд стратегийн нөөц сангуудаас зах зээлд нийлүүлж, ойрын хугацаандаа хямралаас сэргийлэх боломж бий гэж дурдсан байна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гэх мэт дунд болон урт хугацааны шийдэл эрэлхийлэхийг тэрбээр улс орнуудад уриаллаа.
Түүнчлэн НҮБ-ын тэргүүн олон улсын санхүүгийн байгууллагуудыг онцгой нөхцөл байдлын горимд шилжин ажиллахыг уриалсан байна. Хүний эрхийн дээд комиссарын газрын тооцоогоор хоёрдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэлх хугацаанд наанадаж 1480 энгийн номхон оршин суугчид амь эрсдэж, 2195 хүн шархадсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Розмари ДиКарло мөн мэдээлжээ.
Тэрээр Оросын хүчнийхэн Украинд 24-өөс доошгүй удаа хуурцагт бөмбөг ашигласан мэдээлэл байгааг дурдсан байна. Украины талаас мөн ийм зэвсэг ашигласан тухай мэдээ баримт шалгагдаж байгааг НҮБ-ын тэргүүний нэгдүгээр орлогч мэдээлжээ.
НҮБ-ын тэргүүн Украинд нэн даруй гал зогсоохыг уриаллаа | ||
Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.