Шууд Chart

Европын холбоо ОХУ-ын нүүрсний импортод хориг тавихаар төлөвлөжээ

2022-04-07 12:35:11

АНУ болон холбоотон орнууд, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэх, улс төрийн шахалтаа нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байна.

Тухайлбал, Европын холбоо Оросын нүүрсний импортод хориг тавих санал гаргажээ. Харин АНУ-ын хувьд Оросын санхүүгийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих хориг арга хэмжээг чангатгахаар төлөвлөж байна.

Брюссель хотноо болох НАТО болон 7-ын бүлгийн орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтаар, Америк Европын холбоо болон 7-ын бүлэг Оросын эсрэг хориг арга хэмжээгээ нэгтгэж зарлах товтой байна.

Европын комиссын дарга Урсула Фон дер Ляйен, Кремлийн цэрэг дайны ажиллагааг зогсоох зорилгоор, 5 төрлийн багц хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Европын комиссын дарга Урсула фон Дер Ляйен: Юуны түрүүнд Оросын 4 тэрбум еврогийн өртөг бүхий нүүрсний импортод хориг тогтоосноор орлогын гол эх үүсвэрийг танана гэж харж байна.

Хоёрдугаарт, Оросын 4 гол банканд гүйлгээ хийхийг бүрэн хориглож байна.

Гуравдугаарт, Оросын хөдөө аж ахуй, хүнс, хүмүүнлэгийн тусламж, эрчим хүч зэрэг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн тээвэрлэдэг хөлөг онгоцнуудыг, Европын холбооны боомтуудад нэвтрэхийг хориглоно.

Мөн, 10 тэрбум еврогийн өртөг бүхий дэвшилтэт хагас дамжуулагч, тээврийн хэрэгсэл зэрэг, технологийн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээ авна.

Үүний зэрэгцээ Оросын газрын тосны импортод хориг тавих асуудлыг судлаж байгаагаа мэдэгдэж байна. Үндсэндээ, Европын холбоо, эдийн засгийн уналтад орох вий гэсэн болгоомжлолын үүднээс, эрчим хүчний салбарт төдийлөн хориг тавиагүй боловч, олон талын шахалтын улмаас, газрын тос, нүүрсний экспортыг хаах замаар эдийн засгийн хариу арга хэмжээ авч, Оросын эсрэг тодорхой байр суурь  илэрхийлж байна гэж олон улсад харж байна. Европын холбоо Оросоос, жилд дунджаар 57 сая тонн нүүрс импортолдог юм байна. Энэ нь, Европын жилийн хэрэглээний талаас илүү хувийг бүрдүүлдэг гэсэн үг юм.

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел: Манай хориг арга хэмжээ нь, Оросын ард түмний эсрэг бус, Кремлийг буюу Украин дахь Путины дайныг дэмжиж байгаа улс төр, эдийн засгийн элитүүдийг онилж байна. Гол зорилго нь мэдээж, Оросын хүнлэг бус, түрэмгий бодлогыг зогсоох явдал юм. Цэргүүд болон Кремлийн шийдвэр гаргагчдад тэдний хууль бус түрэмгийлэл ямар их өндөр өртөгтэй вэ гэдгийг харуулах зорилготой.

Мөн Европын холбооны гишүүн Итали, Испани, Дани зэрэг 16 орон Оросын 300 гаруй дипломатчийг эх орноосоо гаргаж байна.

Их Британи Оросын зэвсэгт хүчний нэгжийн үүрэг гүйцэтгэдэг хувийн цэргийн байгууллага болох Вагнер группийн эсрэг хориг тогтоож байна. Америк, Британи, Европын холбоо болон Канадын агаарын орон зайд Оросын бүх нислэгийг хоригложээ.

Мөн Их Британи, Оросын импортын зарим бараа бүтээгдэхүүнд 35 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэжээ. Сүүлийн байдлаар, өрнөдийн орнууд, Оросын төв банкны 630 тэрбум америк долларын валютын нөөцийг царцаагаад байна.

Энэ нь, Оросод импортын барааны үнийг өсгөж, тус улсын инфляцын түвшин 14 хувиар өсөхөд нөлөөлжээ гэж CNN мэдээлжээ.

Өрнөдийн орнууд, хориг арга хэмжээгээ чангатгах замаар Москвад шахалт үзүүлж, эдийн засгийг нь тусгаарлаж, хөрөнгө оруулалтын урсгалыг зогсооход хүчин чармайлт гаргаж байна гэж шинжээчид харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо ОХУ-ын нүүрсний импортод хориг тавихаар төлөвлөжээ  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй