Шууд Chart

АНУ Тайваньд 95 сая америк долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлнэ

2022-04-07 12:44:15

АНУ болон Тайванийн цэрэг батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Тайваньд 95 сая америк долларын өртөг бүхий батлан хамгаалахын зэвсэг нийлүүлэх болсон тухай төрийн департамент мэдэгдлээ.

Энэ нь, Тайванийг батлан хамгаалахын салбарт аливаа хэлбэрээр дэмжихийг эсэргүүцдэг Бээжинтэй харилцах Вашингтоны харилцаанд сэв суулгаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Америкийн ерөнхийлөгч Байдены засаг захиргаа Тайваньд 3 дахь удаагаа зэвсэг нийлүүлж байгаа нь энэ юм. АНУ-ын батлан хамгаалахын яам, Тайваньд энэ зэвсгийг нийлүүлснээр бүс нутгийн аливаа аюул заналхийллээс урьдчилан сэргийлж, батлан хамгаалалтыг бэхжүүлнэ гэж үзэж байгаа аж.

Нөгөө талдаа, Бээжин өөрийн цэргийн хүчин чадлаар Тайванийг дахин нэгтгэх оролдлого хийж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс Вашингтон ийм алхам хийж байна гэж зарим цэргийн шинжээчид таамаглаж байна.

Америкийн Тайваньд нийлүүлэх зэвсгийн тухайд, Патриот пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон холбогдох сургалтууд, байршуулалт, засвар үйлчилгээ зэрэг зардал багтжээ. АНУ, Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй, дипломат харилцаагүй боловч 1982 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган Тайваньтай харилцахдаа баримтлах 6 зүйл амлалтыг өгсөн байдаг.

Үүнд, Тайваньд зэвсэг нийлүүлэх үйл ажиллагаагаа зогсоох хугацааг товлохгүй, зэвсэг нийлүүлэхдээ Хятадтай зөвлөлдөхгүй, Тайвань Хятадын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй зэрэг амлалтууд багтсан байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Тайваньд 95 сая америк долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлнэ   
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй