
Словак тэргүүтэй Европын холбооны гишүүн орнууд Украинд үзүүлэх цэрэг, санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлж байна.
Оросын зэвсэгт хүчин баасан гарагт Украины армийн ашиглаж байсан томоохон зэвсгийн агуулах руу хийсэн пуужингийн цохилтонд Донецк мужийн Краматорск хотын төмөр замын өртөө өртсөн. Украины Батлан хамгаалах яам Оросыг олон улсын конвенцид хориглосон кластер сум ашиглаж байна гэж шүүмжилжээ. Харин Их Британийн батлан хамгаалах яам, ОХУ-ын зэвсэгт хүчнийг Украины зүүн хэсэгт орших стратегийн ач холбогдолтой Мариуполь хот болон өмнөд хэсгийн Миколайв хот руу далавчит пуужингийн довтолгоогоо үргэлжлүүлж байна гэж мэдэгдээд байна.
Баасан гарагт Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел нар Киевт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан. Вон дер Лейен уулзалтын дараа сэтгүүлчдэд ”Украины ард түмэн Европ тэдний талд байгааг мэдээсэй гэж хүсч байна. Европын Холбоо Украинд үзүүлэх цэрэг, санхүүгийн тусламжаа нэмэгдүүлж, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн юм.
Үүний дараахан Словак улс Украинд "газар-агаар" ангиллын “Эс-300” пуужингийн системээ хандивласан. Словакийн ерөнхий сайд Эдуард Хегер “Словак улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах системийг нийлүүлж байна. Энэ систем нь гэм зэмгүй иргэдийн амийг хамгаалахад тусална гэдэгт итгэж байна" гэжээ. Уг систем нь сөнөөгч онгоц болон пуужингуудыг устгах чадвартай байна.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк баасан гарагт Киевийн захын Буча хотод олон энгийн иргэд амиа алдсан нь гал зогсоох хэлэлцээний уур амьсгалд нөлөөлсөн гэж мэдэгдсэн. Харин Украин Оросын хүчнийг буруутгасан худал мэдээлэл тарааж, энхийн хэлэлцээг хүндрүүлж байна гэж Оросын тал үзэж байна.
Европын Холбоо Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 437 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.