
Даваа гарагт Вашингтон хотноо болсон АНУ, БНЭУ-ын Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамдын сайд нарын уулзалтаар хэлцэгдсэн нэг гол асуудал нь Украин-Оросын хямрал байжээ. Хоёр улсын хооронд дөрөвдэх удаагаа болж байгаа “2 дээр нэмэх 2” уулзалтад сайд нар оролцсон байна.
Тодруулбал, Москва Украинд довтолсонтой холбогдуулан АНУ болон бусад орнууд, Оросын эрчим хүчний орлогыг тасалдуулахыг чармайж байгаа энэ үед Энэтхэгийг Оросоос яаран газрын тос худалдаж авахгүй байхыг Ерөнхийлөгч Байден, Нарендра Моди-д уриалснаас хэдхэн цагийн дараа сайд нарын энэ уулзалт болсон юм.
Оросын нефтийн нийлүүлэлтээс татгалзах тухайд Энэтхэгийн ерөнхий сайд нийтэд ил аливаа нэг мэдэгдэл хийхгүй байгаа нь АНУ-тай харилцах харилцааг нь сэвтүүлж болзошгүй шалтгаан бий болоод байгаа юм. Энэтхэгийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд АНУ туслах боломжтой гэдгийг даваа гаригт Моди-той дүрстэй холбоогоор уулзах үедээ Байден мэдэгдсэн байна. Энэтхэг улс нефтийнхээ багахан хэсгийг Оросоос авдаг.
Гэвч, Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг Украинд довтолсноос нь болж бусад улс орнуудын зүгээс шахалтад оруулж байгаа үед Шинэ Дели эсрэгээр Оросоос томоохон худалдан авалт хийх захиалга өгөөд байгаа юм.
Үүний зэрэгцээ, Энэтхэг улс Украин дахь үйл явцын тухайд өөрийн байр суурийг дангаар боловсруулах эрхтэй гэж АНУ үзэж байна. Гэхдээ хямралыг зогсоохын төлөө хүчин чармайхыг бүх улс орнуудад уриалж байна гэж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. “Бүх улс, тэр дундаа нөлөөллийн хөшүүрэг бүхий тодорхой улс орнууд Путинаас дайнаа зогсоохыг шаардах нь чухал гэж бид үзэж байна” хэмээн Блинкен дурдсан байна.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга түүнчлэн, Украинд энгийн ард иргэдийн амь нас эрсдэж байгааг Энэтхэгийн эрх баригчид эрс зэмлэн буруушааж, бие даасан мөрдөн шалгалтад уриалсныг тэмдэглэжээ.
Мөн Украинд их хэмжээний хүмүүнлэгийн тусламж, ялангуяа эм бэлдмэл илгээсэн Энэтхэг улсыг Блинкен магтан сайшаасан байна.
АНУ-Энэтхэгийн уулзалтаар Украин, Оросын хямралыг хэлэлцэв | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.