
"Их дуулга"-ын дөрвөн нэр хүндтэй тэмцээний нэг болох Уимблдоны 2022 оны тэмцээнд Орос, Беларусийн теннисчидийг оролцохыг хориглох болсон талаар "Нью-Йорк Таймс" өдөр тутмын сонинд лхагва гарагийн өглөө мэдээлжээ.
Зургаадугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 10-ны хооронд явагдах энэ жилийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын шигшээ багийн 4 тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд 5 тамирчин оролцохоор төлөвлөсөн байжээ.
Гэвч Уимблдоны тэмцээнийг зохион байгуулах хорооноос гаргасан мэдэгдэлд "Бүх Английн клуб болон аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс хүнд бэрх цаг үеийг туулж байгаа Украины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тиймээс бид 2022 оны аваргын тэмцээнд Орос, Беларусийн тамирчдыг оруулахаас татгалзаж байна" гэж дурджээ.
Үүнээс өмнө буюу 3 дугаар сарын 1-нд Олон улсын теннисний холбоо Орос, Беларусийн үндэсний шигшээ багийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, мөн эдгээр улсад зохион байгуулахаар төлөвлөсөн бүх тэмцээнийг цуцалснаа зарласан.
Мөн эмэгтэй теннисчдийн холбоо болон мэргэжлийн теннисчдийн холбооноос "төвийг сахисан байр суурь" баримтлах нөхцөлд л Орос, Беларусийн тамирчдыг зохион байгуулах тэмцээнд үргэлжлүүлэн оролцохыг зөвшөөрсөн байна.
ОХУ, Беларусийн теннисчид Уимблдонд оролцох эрхгүй боллоо | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.