Шууд Chart

БНХАУ “Зөгийн үүр” платформтой холбоотой асуудлаар АНУ-аас тайлбар шаардлаа

2022-04-21 13:01:52

АНУ-ын Тагнуулын төв газар "Зөгийн үүр" хэмээх хүчирхэг платформыг кибер дайнд ашиглаж байна гэсэн мэдээлэл Хятадын хэвлэлүүдэд гарчээ. Үүнд тайлбар өгөхийг Вашингтоноос шаардсан талаараа Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин "АНУ-ын засгийн газрын цахим ертөнц дэх хариуцлагагүй, хор хөнөөлтэй үйл ажиллагаанд Хятад улс гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. Тиймээс АНУ-аас холбогдох тайлбар өгч, энэ үйл ажиллагаагаа даруй зогсоохыг уриалж байна" гэж мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын засгийн газрын зүгээс Хятадын хөрш орнуудад кибер орон зай дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг удаа дараа санал болгож байгаа нь геополитикийн сөргөлдөөний шинэ үе шатыг бий болгож болзошгүй гэж “Тасс” агентлаг мэдээллээ.

“Хятадын мэргэжилтнүүд АНУ-ын тусгай хүчнийхний ашиглаж байгаа дэлхийн тагнуулын системийг илрүүллээ” гэж Хятадын “Глобал Таймс” сонины мягмар гарагийн дугаарт нийтлэл гарсан юм байна. Энэхүү системд суурилсан "Зөгийн үүр" платформыг АНУ-ын Тагнуулын төв газар болон “Нортроп Грамман” компани хамтран бүтээжээ.

Тус платформ нь операторууддаа алсаас сканердах, сул талыг ашиглах, файл задлах, тэр ч байтугай компьютерын системийг устгах боломжийг олгодог гэж  “Глобал Таймс” сонины нийтлэлд дурджээ. Тус сонины мэдээлснээр, Тагнуулын төв газар Канад, Малайз, Турк, Франц, Герман болон бусад улс оронд "Зөгийн үүр" платформыг ашиглан үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжийг өргөнөөр тараасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ “Зөгийн үүр” платформтой холбоотой асуудлаар АНУ-аас тайлбар шаардлаа  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй