
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Орос, Украины удирдагчдыг энх тайванд уриалахын тулд тэдэнтэй Москва болон Киевт уулзалт хийх хүсэлтэй байна.
Тэрбээр мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Оросын төрийн тэргүүн Владимир Путин нарт захидал илгээж, “дайн тулааныг зогсоохын тулд яаралтай авч хэрэгжүүлэх алхмуудыг хэлэлцэх” хүсэлтээ уламжилжээ.
Одоогоор түүний хүсэлтэд ямар нэг хариу ирээгүй байгааг НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик лхагва гарагт мэдээлсэн. Антонио Гутерреш Үнэн алдартны шашинтнуудын Улаан өндөгний баярыг тохиолдуулан энэ долоо хоногийн пүрэв гарагаас ням гарагийг дуустал дөрвөн өдөр гал зогсоож, энгийн иргэдийг мөргөлдөөний бүсээс гарах, хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж олгохыг талуудад уриалсан юм.
Үүний зэрэгцээ Оросын цэргүүд Украинд довтолгоо эхлүүлснээс хойш 5 сая гаруй украин эх орноосоо дүрвэн гараад байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг мэдээлж байна.
Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европ дахь хамгийн том дүрвэгсдийн хямралыг дагуулж байгааг мөн зарлажээ.
Украинчуудыг хүлээн авч байгаа улс орнууд тэдэнд төрөл бүрийн дэмжлэг үзүүлж байгаа боловч урьд байгаагүй олон тооны дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсаас тусламж эрж хандаж байгаа юм.
Польшийн нийслэл Варшав хотын дарга хот нь чинээндээ тулсан тул дахиад ирэх дүрвэгсдийг агуулах аргагүй гэж мэдэгджээ.
НҮБ-ын тэргүүн Москва, Киевт энхийн хэлэлцээ хийх хүсэлтэй байна | ||
Үзсэн: 415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.