Шууд Chart

“Ногоон сум” аяныг МҮОНРТ-ээс санаачлан Өвөрхангай аймгаас эхлүүллээ

2022-04-22 16:26:32

 

УИХ-аас 2021 онд Банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг тусгасан байдаг.

Уг хуулийн заалтыг Хаан, Хас, Голомт, ХХБ, Төрийн банк дэмжиж, энэ оны зургаадугаар сард багтаан хувьцаат компани болох үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ дагуу иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, тухайн банкуудын хувьцааг нээлттэй зарлах “Ногоон сум” аяныг МҮОНРТ-ээс санаачлан өнөөдөр Өвөрхангай аймгаас эхлүүллээ.

1990-ээд оны хувьчлалаар хөрөнгийн зах зээл гэх ойлголт бий болж, 475 обьектийг 1.1 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал болгон олгож байсан. Тухайн үед дийлэнх иргэд хувьцааны талаар мэдлэг муу байсны улмаас бүрэн ашиглаж чадаагүй. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээнд оролцсоноор уншигч таны болон аав, ээжийн тань цэнхэр, ягаан тасалбар аль байгууллагад хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгааг шалгуулах, мөн дээрх банкны хувьцааг худалдан авах боломж нээлттэй байна.

Хөрөнгийн зах зээл буюу хувьцаа авах үйл ажиллагаанд заавал их мөнгөтэй, санхүүгийн мэдлэгтэй хүн оролцох биш, цалингаасаа гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр оролцож, сонгосон компанийнхаа хөрөнгө оруулагч болсноор ногдол ашгийг нь хүртэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Энэ үеэр дараах эрхмүүдээс тодруулга авсан юм.

А.Бүрэнбаатар: МҮОНРТ-ийн санаачилгаар “Ногоон сум” аян орон даяар хэрэгжинэ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал. 

Манай телевизээс санаачлан “Ногоон сум” гэсэн аяныг зохион байгуулж байна. Системийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон таван банкийг IPO зарлах шийдвэр УИХ-аас гарсан. Үүнтэй холбогдуулан манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа болон хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хэрэглэгчдэд үнэт цаасны зах зээл буюу IPO гэж чухам юу юм бэ гэдэг ойлголтыг өгөх зорилгоор улсын хэмжээнд энэхүү аяныг зохион байгуулж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Арилжаа эрхлэгчдийн холбоо, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Хаан, Төрийн банкны болон брокер теллерүүдийн төлөөлөл оролцсон дээрх аяныг Өвөрхангай аймгаас эхлүүлж байна. Энэ аяныг зарлаж эхэлснээр системийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг банкууд хуулийн хугацаанд IPO-гоо хийж дуусгах ёстой. Тэгэхээр нийгэмд үнэт цаасны зах зээлд хэрхэн хөрөнгө босгох ёстой вэ, хэрхэн ашигтай ажиллах вэ, орлогоо яаж нэмэгдүүлэх вэ зэрэг ойлголтыг өгөх нь бидний гол зорилго юм. Ингэхдээ бид тус аянаа 10-аад аймагт хоёр сарын хугацаанд зохион байгуулна. Хүн ам илүү төвлөрсөн, хөгжил ихтэй аймгийг сонгосон. Тухайн аймгуудын засаг дарга нар ч их таатай хүлээж авсан.

Т.Жамбаажамц: Хувьцаагаар орлого олох боломж хүн бүрт бий

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга.

-Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өсөлт, тэлэлт сүүлийн хоёр жил асар хурдтайгаа хөгжиж байгаа. Ялангуяа хөрөнгийн зах зээлд арилжаалагдах санхүүгийн хэрэгслийн нэр төрөл асар олноор нэмэгдэж байна. Зөвхөн хувьцаанаас бусад төрлийн үнэт цаас арилжаалагддаггүй байсан бол одоо компанийн боонд, хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг гол зүйл хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж эхэлж байна. Өнгөрсөн онд манай улсын зах зээл үндсэндээ зургаан их наядын үнэлгээнд хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувийг эзэлж байна. Нийт арилжааны дүн нь 1,4 их наядын арилжаа хийгдсэн амжилттай байлаа. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд оролцох иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчийн идэвхи маш их сэргэж байна. Ялангуяа УИХ-аас банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, банкны салбар нэлээн том өөрчлөлт хийсэн. Үүний хүрээнд нөлөө бүхий банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа эхлээд байна. Гэхдээ УИХ-аас баталсан хуулийн дагуу. Тэгэхээр Монгол Улсын иргэд, хөрөнгө оруулагч нар хөрөнгийн зах зээлд тодорхой хэмжээний өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхол ихээр нэмэгдэж байна. Үүнийг МҮОНТ-ээс санаачлаад орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох зорилготой аян өрнүүлж байгаад бид баяртай байна.

О.Баасансүрэн: Энэ онд арилжааны банкууд IPO гаргаж, хувьцааг нээлттэй арилжина

“Төрийн банк”-ны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал.

-“Ногоон сум” аянд манай банкны зүгээс ногоон зээл гаргах, төсөл хөтөлбөрүүдэд ажиллах зэрэг ажлыг зохион байгуулж байгаа. Монгол Улсын Засгийн газраас IPO гаргах таван том банкыг нэрлэсний нэг нь манайх. IPO-г гаргах бэлтгэл ажлаа ч хангаад явж байна. Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газарт хугацаандаа мэдээлэлүүдээ ч өгсөн. Ер нь хуулийн хүрээнд ирэх зургаадугаар сарын 30-нд IPO-гөө гаргасан байх ёстой. Яг энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл авлаа. Бусад арилжааны банктай өөрийнхийгөө харьцуулахад 100 хувь төрийн өмчит. Сангийн яам, Хадгаламж даатгалын корпораци гэсэн хувь нийлүүлэгчид бидний зүгээс арай өөр онцлогтойгоор IPO-гөө гаргаж байгаа. Үүнийг гаргаснаар тухайн банк ил тод, нээлттэй болдог. Түүнчлэн тухайн банкнаас иргэд хэр их хэмжээний хувьцаа худалдаж авна, уг банкны үйл ажиллагаа төдий чинээ өсөж, дэвжинэ. Мөн банкны үйл ажиллагаа улам сайжрахын зэрэгцээ хяналттай болдог. Иргэд данс нээх шаардлагатай болвол заавал банкинд ирэх шаардлаггүй. Гялс банкаа ашиглаад л хувьцаа эзэмших асуудлаа шийдчихнэ. Манай банк одоогоор хоёр сая орчим харилцагчтай, улсын хэмжээнд 500 орчим салбар нэгжтэй, 4000 орчим ажилтан, албан хаагчтай.   

Нийтэлсэн: "Ногоон сум" аян

“Ногоон сум” аяныг МҮОНРТ-ээс санаачлан Өвөрхангай аймгаас эхлүүллээ  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй