
АНУ ирэх 7 хоногт Германы Раймштайны агаарын цэргийн баазад Украины асуудлаар батлан хамгаалах салбарын уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остины зохион байгуулах тус уулзалтад АНУ өөрийн холбоотон түнш 40 гаруй улсыг урьжээ. Уулзалтын гол зорилго Украинд богино хугацаанд цэргийн дэмжлэгээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт чиглэх аж.
Германы Рамштайны агаарын цэргийн баазад болох тус уулзалтад АНУ холбоотон, түнш 40гаруй улсыг урьснаас одоогоор 20 гаруй улс нь батлан хамгаалахын сайдаа илгээхээр болсон байна. Вашингтон энэ уулзалтаа НАТО-той холбоогүй, НАТО-гийн гишүүн бүх улсыг уриагүй гэсэн тайлбар өгчээ. Өөрөөр хэлбэл НАТО-ын гишүүн орнууд энэ уулзалтад оролцох эсэхээ бие дааж шийдэх юм байна.
Украины ерөнхийлөгч Оросын зэвсэгт хүчний давшилт ширүүссэн ийм үед улс орноо хамгаалахад илүү их хүнд зэвсгийн тусламж үзүүлж, Оросын эсрэг хоригоо чангатгахыг Өрнөдөд уриалсаар байна. АНУ Киевд 800 сая долларын цэргийн нэмэлт тусламж илгээж байгаагаа пүрэв гарагт зарласан, бөгөөд уг тусламжид нисдэг тэрэгний эд анги, их буу, дрон зэрэг зэвсэг багтжээ.
Вашингтоны хувьд Орос Украинд цэргээ оруулснаас хойш Киевд 3,3 тэрбум долларын тусламж үзүүлэхээ амлаж, тодорхой хувийг нь нийлүүлээд байгаа юм. АНУ болон НАТО-гийн орнууд Оросын зэвсэгт хүчин Украины Донбассад өргөн бүрэлдэхүүнээр давшихад Украины армийн бэлэн байдлыг хангах үүднээс танк, нисдэг тэрэг болон бусад зэвсгүүдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлжээ.
Сүүлийн өдрүүдэд тэд Украин руу хүнд зэвсгийн нийлүүлэлтээ эрс нэмэгдсэн боловч харин Герман улс хүнд зэвсэг өгөхгүй байгаа юм. Үүнээс болж Германы канцлер Шольц дотоодоосоо болон Өрнөдөөс шүүмжлэл хүлээж байгаа. Иймд Шольц танк эсэргүүцэгч нисэх онгоц эсэргүүцэгч зэвсгээсээ Украинд өгөхөөр амлаад байна.
Батлан хамгаалахын сайдынх нь мэдэгдсэнээр Герман Украинд 83 сая еврогийн зэвсэг илгээж байгаа юм байна. Америкийн хилийн чанад дахь агаарын цэргийн хамгийн том бааз болох Германы баруун өмнөд бүсийн Рамштайны агаарын цэргийн баазад Украины батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой уулзалтыг Вашингтон зохион байгуулна гэдэг нь Берлинд илүү их шахалт үзүүлэх зорилготой гэж шинжээчид үзэж байна.
АНУ: Ирэх 7 хоногт Украины асуудлаар уулзалт зохион байгуулна | ||
Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.