Шууд Chart

НҮБ-ын тэргүүн Украины хямралын асуудлаар Туркийн ерөнхийлөгчтэй уулзжээ

2022-04-26 12:45:13

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украин дахь хямралыг дипломат аргаар шийдвэрлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор дэлхийн удирдагчидтай уулзалтууд хийж байна. Энэ хүрээнд тэрбээр даваа гарагт Анкара хотноо Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдогантай уулзжээ.

Украин дахь мөргөлдөөний бүсээс энгийн иргэдийг гаргах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж аюулгүй гарцуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг талууд энэ үеэр санал нэгтэй тэмдэглэлээ.

Мөн цэрэг дайны ажиллагааг зогсооход чиглэсэн Турк улсын хүчин чармайлтыг Гутерреш өндрөөр үнэлсэн байна. Эрдоган урьд нь, Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нартай уулзаж ярилцаж байсан. Турк улс мөн гал зогсоох асуудлаар хоёр талын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй, пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах юм.

Гэвч Украины удирдагч Зеленский НҮБ-ын тэргүүнийг Киевээс урьтаж Москва руу очиж байгааг шүүмжилжээ. Мөн Украин улс, боомт хот Мариупольд бүслэлтэд байгаа төмөрлөгийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс нааш Оростой тохиролцоонд хүрэх боломжийг үгүйсгэж, НҮБ-ыг энэ асуудлаар яриа тохиролцоог санаачлан, баталгаажуулахыг мөн шаардаж байгаа юм.

Харин Оросын Батлан хамгаалах яам даваа гарагт “Азовсталь” гангийн үйлдвэрийн дэвсгэр нутагт Украины дайтагчидтай хамт толгой хоргодож, Оросын дайралтад өртөөд байгаа энгийн иргэдэд зориулан хүмүүнлэгийн гарц ахин нээнэ гэдгээ мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын тэргүүн Украины хямралын асуудлаар Туркийн ерөнхийлөгчтэй уулзжээ   
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй