Шууд Chart

Бээжинд 20 сая хүнийг “Ковид-19” цар тахлын шинжилгээнд хамруулж байна

2022-04-29 13:10:34

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд "Ковид-19" цар тахлын халдварын шинэ голомт илэрсэнтэй холбогдуулан оршин суугчдаа нийтээр нь шинжилгээнд хамруулж байна.

Бээжингийн нийт хүн амын 90 хувь буюу 20 сая хүнийг энэ 7 хоногт гурван удаагийн шинжилгээнд хамруулах юм байна. Бээжинд лхагва гарагт цар тахлын халдварт 34 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Шанхай хотын иргэд хөл хорионоос өмнө хоол хүнс, хэрэгцээт зүйлсээ нөөцөлж чадаагүйгээс хатуу хөл хорионы үед хүнд байдалд орж байгаа тухай мэдээлэл тархсантай холбогдуулан сүүлийн хэд хоногт Бээжин хотын оршин суугчид хоол хүнс, хэрэгцээт зүйлсээ нөөцлөх нь нэмэгджээ.

Бээжин хотын захиргаа хүнсний сүлжээ дэлгүүр, худалдааны байгууллагуудад хүнсний нөөцийг тасалдуулахгүй, хангалтыг маш сайн хийнэ гэж амлаж байна. Тухайлбал, Бээжин хотын иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг хүнсний захуудын нөөцийг зохих түвшинд байлгахад хяналт тавьж ажиллаж байгаагаа хотын захиргаанаас мэдэгджээ.

Бээжин хотод цар тахлын халдварын улмаас хөл хориог бүхэлд нь тогтоох эсэх тухай одоогоор яригдаагүй байна. Одоогоор Бээжин хотын эрх баригчид халдвар илэрсэн газруудад хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.

Харин Шанхай хотод тогтоосон хөл хорио дахиад сарын хугацаанд үргэлжилж магадгүй болжээ. Хятадын эрх баригчдын ковидын халдваргүй улс болох бодлогын хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Шанхай хотод хөл хорио тогтоосноос хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч халдварын тархалт дорвитой түвшинд буураагүй байна.

Хотын захиргааны мэдээлснээр мягмар гарагийн байдлаар Шанхайд "Ковид-19" цар тахлын халдварын 13.562 шинэ тохиолдол бүртгэгджээ. Хөл хорионы хугацаанд халдварын тоо буурсан ч 10 мянгаас буурахгүй байна.

Мөн сүүлийн өдрүүдэд халдвараар нас барах тохиолдол нэмэгдэж, мягмар гарагт нас барсан 48 тохиолдол бүртгэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бээжинд 20 сая хүнийг “Ковид-19” цар тахлын шинжилгээнд хамруулж байна   
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй