
Ням гарагт тохиосон Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр Францын нийслэл Парис хотод үйлдвэрчний эвлэлүүдийн томоохон жагсаал боллоо.
Энэ талаар Ерөнхийлөгч Эммануэль Макрон улиран сонгогдсонтой холбогдуулан үйлдвэрчний эвлэлүүд тулгамдаж буй зорилтуудаа тунхаглах үүднээс бүх нийтээр үгээ хэлэхийг чухалчиллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Францын том жижиг бүх үйлдвэрчний эвлэлүүд Макроноос хүнийг нэгдүгээрт тавьсан бодлого хэрэгжүүлэхийг шаардаж, тэтгэврийн нас 62 байгааг 65 болгож өсгөх төлөвлөгөөг нь буруушааж байгаа байна.
Макрон харин үүнийгээ, францчуудын тэтгэврийн хэмжээг боломжийн өндөр хэмжээнд хэвээр барих боломжийг засгийн газарт олгох цорын ганц арга гэж мэдэгдэж байгаа юм. Хэдэн мянган хүнтэй жагсаалын үеэр сүүл рүүгээ эмх замбараагүй байдал үүсч, зарим жагсагчдын зүгээс хэд хэдэн банк, зоогийн газрын цонхнуудыг хагалж, гудамж замуудын тэмдэг тэмдэглэгээг хуулж хаяж, шатаасан хэрэг гарчээ. Цагдаа нар жагсагчдын хөөн тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэхээс аргагүйд хүрсэн байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн идэвхтнүүд болон бусад хөдөлмөрчдийн хувьд, 5 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлстэй холбоотой асуудлуудаа нийгэмд ил гаргаж тавих гол талбар нь болдог уламжлалтай. Сүүлийн хоёр жил, цар тахлын үеийн хязгаарлалтын дэглэмтэй холбоотойгоор энэ үйл ажиллагаа ихээхэн хумигдмал байсан юм.
Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр Парист жагсаал болов | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.