
Унгарын ерөнхийлөгч сайд Виктор Орбан улс орных нь эдийн засагт асар их нөлөөлөл ирэх учраас Оросын газрын тосны салбарт хатуу хориг тавих Европын холбооны саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Оросын газрын тосыг хориглох санал Унгарын эдийн засагт цөмийн бөмбөг хаягтай адил хохиролтой учраас энэ саналыг хүлээж авах боломжгүй гэж Унгарын засгийн газар мэдэгдэж байна.
Тодруулбал, Европын комиссын ерөнхийлөгч Фон Дер Лайен Оросын газрын тосыг энэ оны эцэс гэхэд хориглох талаар нэгдсэн байр сууринд хүрэхийг сая лхагва гарагт гишүүн орнууддаа уриалсан юм. Европын холбооны зарим орнууд Оросоос авч байгаа газрын тосны импортыг зогсоосны дараа гарах үр дагавар, нөлөөлөлд ихээхэн санаа зовниж байгаа.
Тухайлбал, Оросоос авдаг газрын тос Унгарын газрын тосны импортын 65 хувийг бүрдүүлдэг. Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойг шилжүүлэхэд наанадаж 5 жил зарцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлагатай болно гэж Унгарын ерөнхий сайд мэдэгдэж байна.
Иймээс Унгар, Словак улсуудыг газрын тосны өөр эх үүсвэр бүрдүүлэхэд нь 2023 оны эцэс хүртэл хугацаа өгөх болов уу гэсэн хүлээлт байгаа юм байна. Унгар улс Европын холбоотой хамтран ажиллах, яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа, гэхдээ энэ бол бидний ашиг сонирхлыг харгалзан үзсэн тохиолдолд л боломжтой зүйл гэж Виктор Орбан мэдэгдсэн байна.
Одоо Европын холбоо Оросын газрын тосны салбарт хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр бол гишүүн бүх улс оронтойгоо тохиролцох шаардлага тулгарч байна.
Унгарын ерөнхий сайд ОХУ-ын газрын тосны импортод хориг тавихыг эсэргүүцэв | ||
Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.