
Украин улс Европын холбоонд элсэхэд олон жил шаардагдаж магадгүй гэж Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт мэдэгдлээ. Мөн тэрбээр Европын улс төрийн нийгэмлэг байгуулахыг санал болгожээ.
"Украин улс Европын холбоонд элсэх үйл явц олон жил, цаашлаад бүр хэдэн арван жил үргэлжилж болно гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс Украиныг Европын үйл хэрэгт оролцох оролцоог түргэтгэхийн тулд, Европын улс төрийн нийгэмлэг байгуулахыг санал болгож байна” хэмээн Макрон мэдэгдсэн байна.
Европын комиссын дарга Урсула фон дер Лейен өмнө нь, "Украин улсаас Европын холбоонд элсэх тухай асуулгын хоёр дахь хэсэг хүлээгдэж байгаа, Киевт нэр дэвшигчийн статус олгох эсэх шийдвэр ирэх 6 дугаар сард гарна" гэж мэдэгдэж байсан. Харин Зеленский Твиттер хуудсаараа дамжуулан, "Украин улс асуулгын хоёр дахь хэсгийг Брюссельд хүргүүлсэн" гэж мэдэгдсэн байна. Асуулгын эхний хэсгийг Киев 4 дүгээр сарын 17-нд Брюссельд хүргүүлжээ.
Яриа хэлэлцээ эхлүүлэх зөвлөмжийг Европын холбооны зүгээс Европын зөвлөлд хандаж гаргаснаар, Украин тус холбоонд нэгдэн орох анхны “албан ёсны” алхам болох юм. Дараа нь тус улс биелүүлэх ёстой олон нөхцөл шаардлага буюу "хэлэлцээрийн бүлэг тус бүрийн” талаар Европын холбоотой тохиролцох ёстой.
Хэлэлцээний үйл явц хэдэн жилээр эсвэл тодорхойгүй урт хугацаагаар үргэлжилж болно. Тухайлбал, Финлянд улсын Европын холбоонд элсэх үйл явц хамгийн хурдан буюу 3 жил үргэлжилсэн байхад, 2005 онд эхэлсэн Турк улсын яриа хэлэлцээ хэзээ дуусах нь өнөө хэр тодорхойгүй хэвээр байгаа юм.
Э.МАКРОН: Украин Европын холбоонд элсэхэд олон жил шаардагдана | ||
Үзсэн: 425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.