Шууд Chart

Хувьчлагдах төрийн өмчит компаниудын нэрс гарлаа

2014-06-18 14:32:30

“Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг энэ сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Энэ дагуу уг тогтоолын төслийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. Энэ тогтоолын төсөлд хувьчлалыг хоёр хэлбэрээр явуулахаар тусгасан байна. Тухайлбал, “Төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “Төрийн эзэмшлийн хувийг бууруулах” чиглэлээр явуулахаар тусгажээ.  

Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд:
 
1.    “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” болон “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;
 
2.     “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;
 
3.    “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
 
4.    “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
 
5.    Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;
 
6.    “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;
 
7. “Монсам” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;
 
8. “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах;
 
9. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци, Эрчим корпораци, Армоно корпораци болон Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүйгээр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
 
Төрийн эзэмшлийн хувийг бууруулах хуулийн этгээдүүд:
 
1. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих;
 
2. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт шилжүүлж, 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах;
 
3. “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар хувьчлах;
 
4. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;
 
5. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах;
 
6. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах;
 
7. “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах;
 
8. “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг дотоодын болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих;
 
9. “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжихаар тогтоолын төсөлд тусгаад байна.
Нийтэлсэн: А.Энхтуул

Хувьчлагдах төрийн өмчит компаниудын нэрс гарлаа  
Үзсэн: 4035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-07-02 09:33
Энэ байгууллагууд хувьд шилжинэ гэдэг чинь цахилгааны үнэ нэмэгдэнэ төрөөс авч байгаа хямд барааны үнэ бүгд нэмэгдэнэ л гэсэн үг ш дээ юу нь зөв байдын
180.149.80.xxx [180.149.80.xxx] 2014-06-19 18:00
Аль эрт ингэх байсан юм.

Бидэнтэй нэгдээрэй