Шууд Chart

Европын холбооны гишүүн бус орнуудыг нэгтгэх шинэ холбоо үүсгэнэ

2022-05-11 12:36:41

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон үнэт зүйл нэгтэй, газарзүйн байршил ойр дөхүүтэй Европын зарим улсыг хамруулах боломжтой улс төрийн шинэ хэлбэрийг Европын холбоо бүрдүүлэх ёстой гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Европын холбоонд харьяалагдаагүй улс орнуудыг нэгтгэх улс төрийн шинэ холбоо байгуулах, ялангуяа Европын холбоонд элсэх үйл явц нь 10,20 жил үргэлжилж ч магадгүй Украин зэрэг Европын холбооны гишүүн бус орнуудыг нэгтгэсэн Европын шинэ хамтын нийгэмлэгийг Европын холбоотой зэрэгцүүлж гаргаж ирэх саналыг Францын ерөнхийлөгч дэвшүүлж байна.

Тодруулбал, Макрон Европын парламентад хэлсэн үгэндээ Украиныг Европын холбоонд элсэх үйл явцыг хүлээх зуураа Европын холбоотой зэрэгцэж бий болгох хамтын нийгэмлэгт Украин улс нэгдэж болно гэсэн санааг дэвшүүлжээ. Түүнийг энэ саналаа танилцуулахаас өмнө Европын комиссын ерөнхийлөгч Украиныг гишүүнээр элсүүлэхтэй холбоотой анхны санал дүгнэлтийг 6 дугаар сард танилцуулна гэдгээ мэдэгдсэн юм. Украин нь Оросын цэрэг газар нутагт нь довтолсноос хойш 4 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 28-нд Европын холбоонд элсэх өргөдөл гаргах үйл явцыг эхлүүлсэн. Харин Украины төр засгийн хувьд Европын холбоо онцгой горимоор улс орныг нь гишүүнээр элсүүлж авахыг Европын холбоонд санал болгоод байгаа юм.

БНФУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭММАНУЭЛЬ МАКРОН: Ийм улс төрийн холбооны шинэ загвар бий болгосноор Европын холбооны гишүүнчлэлээс гарсан Британи зэрэг улсууд Европын аюулгүй байдлын архитектурт нэгдэн орох бололцоотой болно. Украин одоогийн хууль дүрмээр бол Европын холбоонд элсэх үйл явц 10,20 жил үргэлжилнэ гэдгийг хэн хэн нь сайн мэдэж байгаа, Европын холбоо гишүүнчлэх стандартаа бууруулахгүй л бол Украиныг элсүүлэх хугацаа удаан үргэлжилнэ, тиймээс бид Европын нэгдмэл байдлыг эргэн нэг харах нь зүйтэй.

Францын ерөнхийлөгч Макрон өнгөрсөн сард улиран сонгогдсоноосоо хойших анхны гадаад айлчлалаа даваа гарагийн орой Герман улсаас эхлүүллээ. Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Макрон нарын хэлэлцээний гол агуулга Украиныг цэрэг зэвсэг, эдийн засаг, оюун санааны үүднээс дэмжихэд Европын холбооны орнууд нэгдмэл байхад чиглэсэн байна. Франц, Германы хамтын ажиллагаа, түншлэл бол Европын гол хөдөлгүүр, урам зоригийн эх ундарга гэдгийг Германы Канцлер цохон тэмдэглэжээ. Харин Украины гишүүнчлэлийн тал дээр Макроныг санааг дэмжиж байгаа ч гишүүнчлэх хүсэлтэй бусад улс орнуудыг орхигдуулж болохгүйг сануулжээ.

ХБНГУ-ЫН КАНЦЛЕР ОЛАФ ШОЛЬЦ: Макроны санаа бидэнд тулгарч байгаа том сорилтуудыг шийдвэрлэхэд маш сонирхолтой санал. Гэхдээ Европын холбоонд элсэхээр хөөцөлдөж байгаа улс орнуудын үйл явцыг зогсоож болохгүй, Жишээ нь маш зоригтой шийдвэр гаргасан Хойд Македони байна.бид энэ урам зоригийг мохоохгүй байх арга замыг олох ёстой.

Одоогоор Европын холбоо Оросод 6дахь багц хоригоо тавихаар зөвлөлдөж байна. Шинэ хоригт Оросын газрын тосны импортыг хориглохоор хэлэлцэж байгаа юм. Төв Европын далайд гарцгүй улс орнууд энэ хоригийг дэмжихээр болсон бол Унгар улс Оросын газрын тосноос татгалзах боломжгүйгээ мэдэгдсэн. Энэ мухардмал байдлыг шийдвэрлэх үүднээс Европын комиссын ерөнхийлөгч өчигдөр Будапештыг зорьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбооны гишүүн бус орнуудыг нэгтгэх шинэ холбоо үүсгэнэ   
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй