
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Украинтай хөрш зэргэлдээ орнуудад туслахын төлөө олон улсын хамтын нийгэмлэг илүү ихийг хийх ёстой гэж мэдэгдлээ.
Антониу Гутерреш Молдовт айлчилж, дүрвэгчидтэй уулзсан талаар мэдээллийн агентлагууд уламжилж байна.
Антониу Гутерреш орон нутгийн хотын зөвлөлийн санхүүжилттэй дүрвэгчдийн хуаранд очиж нөхцөл байдалтай танилцжээ. Хязгаарлагдмал төсвөөр ажиллуулж байгаа тус хуаранд амьдарч байгаа дүрвэгчид хоол хүнс болон наад захын хэрэгцээт зүйлсийн хэрэгцээгээ өөрсдөөс зохицуулдаг байна.
“Энэ бүх эмгэнэлт байдал, дайн ямар ч утга учиргүй, түүнийг зогсоох ёстой гэдгийг харуулж байна. Бас энд тохиолдож байгаа бүх асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэх аргагүй” гэж Антониу Гутерреш энэ үеэр мэдэгджээ.
Мөн тэрбээр дүрвэгчидтэй уулзахгүй, тэдний асуудал зовлонг сонсоход сэтгэл өвдөхгүй байхын аргагүй гэж ярьсан байна. Антониу Гутерреш Молдовын Ерөнхий сайд Наталья Гаврилита болон хууль тогтоогчдын төлөөлөгчидтэй уулзаж ярилцжээ.
Мөн тэдний сайхан сэтгэлд талархлаа илэрхийлсэн байна. НҮБ-ын албаныхны мэдээлж байгаагаар цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш 6 сая шахам украинчууд өөр улс орнууд руу дүрвэн гарчээ.
Тэднээс 450 мянга нь Молдовт очсон байна. Энэ тоо Европын хөгжлөөр хамгийн сул орны нэгд тооцогддог Молдовын хүн амын 17 орчим хувьтай тэнцэж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ Украинд үүсээд буй хүмүүнлэгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тавдугаар сарын 12-ны өдөр хуралдахаар болсон байна.
Франц, Мексик улсуудаас хүсэлт гаргасны дагуу энэ хуралдааныг пүрэв гарагт хийхээр шийдвэрлэсэн тухай "Риа Новости" мэдээллээ.
НҮБ-ын тэргүүн Антониу Гутерреш Молдовт айлчлав | ||
Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.