Шууд Chart

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Украинд айлчлав

2022-05-11 14:43:34

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок Оросын арми Украинд довтолсноос хойш тус улсад очсон Германы Засгийн газрын анхны гишүүн боллоо.

Тэрбээр энэ үеэрээ хоёр сар гаруйн туршид хаалттай байсан Киев дэх ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг сэргээсэн тухай олон улсын агентлагууд уламжилж байна.

Элчин сайд Анка Фельдгузений тэргүүлсэн Германы дипломат төлөөлөгчийн газар үндсэн баг бүрэлдэхүүнээр ажилдаа эргэн орж байгаа юм байна. Германы Гадаад хэргийн сайд түүнчлэн, ХБНГУ Киевт хойшид ч дэмжлэгээ үргэлжлүүлнэ, түүний дотор цэргийн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах, шүүхээр шийдвэрлүүлэх үйл явцад тусалж дэмжинэ гэж амлажээ.

Анналена Бербок Оросын цэргийн довтолгоонд өртсөн Буча, Ирпень хотуудаар очсоныхоо дараа “Орос улсын үйлдсэн цэргийн гэмт хэргүүдийг хэрхэвч ял шийтгэлгүй орхих ёсгүй” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр ХБНГУ-аас Украинд орчин үеийн танк, их буу нийлүүлэхээс гадна Украины цэргийнхнийг сургаж бэлтгэх болно гэсэн байна. Ерөнхийлөгч Володимор Зеленскийтэй уулзах үеэрээ Анналена Бербок Украин улсыг Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болгохын төлөө Берлин тууштай зогсох болно” гэдгийг цохон тэмдэглэжээ.

Үүнээс гадна Герман улс Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хамааралтай байдлаа “бүрмөсөн тэглэнэ” гэж мэдэгдэж байна.

Германы Засгийн газар Оросын нефть болон нүүрсний импортыг 2024 он гэхэд бүрэн зогсооно гэж мэдэгдээд байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Украинд айлчлав  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй