Шууд Chart

БНЧУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болов

2022-05-11 14:51:14

ОХУ-ын оронд Чех улсыг Хүний эрхийн зөвлөлд гишүүнээр элсүүлэх тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дийлэнх олонхийн саналаар дэмжин баталжээ. Нийт 157 улс дэмжиж, 23 улс түдгэлзсэн санал илэрхийлсэн байна. 

Тогтоол бүрэн баталгаажихад доод тал нь 97 санал шаардлагатай байжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ерөнхий Ассамблей тусгай чуулганаараа НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дэх Орос улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн тогтоол баталсан.

Украины асуудлаар болсон тус чуулганы явцад Москваг Украинд цэрэг оруулсантай нь холбогдуулан хүний эрхийг системтэйгээр онц ноцтой зөрчиж байгаад буруутгаж байсан байна.

Тухайн үед НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Геннадий Кузьмин Орос улс санал хураалт болохоос өмнө Хүний эрхийн зөвлөлөөс гарсан гэж мэдэгдэж байсан юм.

Нийт 47 гишүүнтэй хүний эрхийн зөвлөл дэх сул орон тоонд нэр дэвшсэн цорын ганц улс нь Чех болсон байна. Энэ байгууллагыг бүс нутгийн төлөөллийн зарчмаар бүрдүүлдэг.

Мөн өнөөдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Киевээс хүсэлт тавьсны дагуу Оросын өдүүлсэн цэрэг дайны ажиллагааны улмаас Украины нөхцөл улам хүндэрч байгаатай холбогдуулан тусгай чуулган хийхээр төлөвлөж байна.

Хэлэлцүүлэгт Оросын тал оролцохгүй гэдгийг Оросын Гадаад хэргийн яамнаас өчигдөр мэдэгджээ. Тус Зөвлөл дэх Москвагийн гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн боловч Орос улс ажиглагч орны статустайгаар үйл ажиллагаанд оролцох эрх нээлттэй байдаг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЧУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болов  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй