Шууд Chart

Их Британи Швед, Финланд улсуудтай аюулгүй байдлын гэрээ байгууллаа

2022-05-13 08:14:21

Их Британи улс харилцан туслалцах тухай гэрээг Швед, Финланд улсуудтай байгууллаа. Ингэснээр Британи Швед, Финланд улсуудыг НАТО-д элсэх тухайгаа зарлахаас эхлээд гишүүн болох хүртэлх хугацаанд аюулгүй байдлыг нь хангах үүрэг хүлээж байна.

Гэрээгээр талууд тагнуулын мэдээлэл солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэргийн хамтарсан сургуулилтын давтамжийг нэмэгдүүлэх, кибер халдлагын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх гэнэ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Нордикийн хоёр улсад айлчлах үедээ аюулгүй байдлын шинэ гэрээнд тус тус гарын үсэг зуржээ. Британи улс Швед, Финланд улсуудтай батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд тус бүс нутагт хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг болон нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг байрлуулах санал тавихаар төлөвлөж байгаа аж.

ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон: Бидний хэн хэнд нь гамшиг тохиолдсон эсвэл гаднаас халдсан нөхцөлд бид биендээ туслах болно. Ялангуяа цэргийн туслалцаа үзүүлнэ. Гэхдээ мэдээж тусламжийн мөн чанар нь нөгөө талын хүсэлтээс хамаарах юм.

Энэ талаар Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё, “Бидний хувьд НАТО-д элсэх нь хэний ч эсрэг зүйл биш. Бид аюулгүй байдлаа улам баттай болгохын тулд НАТО-д элсэх гэж байгаа юм. Финланд аюулгүй байдлаа илүү сайн хангаж чадлаа ч бусдын аюулгүй байдалд ямар ч аюул учруулахгүй.” хэмээн онцолсон.

Харин Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё, “Энэ гэрээ бол бидний ирээдүйд хийх аюулгүй байдлын бодлогын сонголтоос үл хамааран чухал ач холбогдолтой гэж бодож байна.” хэмээн хэлжээ.

Швед, Финланд улсууд нь цэрэг зэвсгийн тал дээр төвийг сахих бодлоготой, үүнийгээ удаан хугацаанд хадгалж ирсэн. Гэвч ОХУ Украинд цэрэг оруулсан нь төвийг сахисан эдгээр улсуудыг НАТО-гийн хамгаалалт руу хүссэн хүсээгүй түлхэж байна гэж улс төрийн шинжээчид онцолж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи Швед, Финланд улсуудтай аюулгүй байдлын гэрээ байгууллаа   
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй