
Финландын ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар Хойд Атлантын гэрээний байгууллага НАТО-д гишүүнээр элсэх асуудлыг хойшлуулахгүй гэдгээ мэдэгджээ. Ингэснээр ОХУ-тай 800миль газраар хиллэдэг Нордикийн орон Финланд АНУ-ын тэргүүлдэг цэргийн эвсэл НАТО-д гишүүнээр элсэхэд нэг алхам урагшиллаа, НАТО ч зүүн тийш тэлэх замыг засаж байна гэж Өрнөдийн хэвлэлүүдэд онцолж байна.
Финланд улсын төр засаг НАТО-д гишүүнээр элсэх өргөдөл гаргах асуудал нэгдмэл байр сууринд хүрснийг тус улсын гадаад харилцааны сайд өнөөдөр Европын парламентад мэдэгджээ. Элсэх саналыг олон нийтийн 70 хувь нь дэмжиж, Финландын улс төрийн намууд ч хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Финландын ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар цаг хугацааг хойшлуулахгүйгээр НАТО-д гишүүнчлэх өргөдлөө гаргах ёстой гэсэн хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Финланд улсын батлан хамгаалахын дайны үеийн хүчин чадал 280мянган цэрэг, армийн нөөц нь эрэгтэй эмэгтэй цэрэг нийт 900мянган хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс гадна Финланд улс F-18 сөнөөгч онгоцны флот зэрэг өндөр түвшний хүчин чадалтай, саяхан захиалсан F-35 тийрэлтэт сөнөөгч онгоцоор флотоо бэхжүүлэх гэж байгааг гадаад харилцааны сайд нь онцоллоо. Хөрш Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ ойрын үед гаргах төлөвтэй байна.
Кремль хэрвээ Швед Финланд НАТО-д элсэх шийдвэр гаргавал цэрэг, улс төрийн үр дагаварт хүрнэ гэж анхааруулсан. Мөн Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч НАТО-г өргөжүүлэх нь Европ тивд аюулгүй байдалд нэмэлт хамгаалалт болж чадахгүй гэж өнгөрсөн сард мэдэгдсэн.
Ер нь Европын улсууд Оросын Украинд явуулж байгаа дайн Европын аюулгүй, тогтвортой байдалд аюул учруулж байна гэж үзэж байгаа юм.
Финландын эрх баригчид НАТО-д гишүүнээр элсэх асуудлыг хойшлуулахгүй хэмээн мэдэгдлээ | ||
Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.