Нийт 47 гишүүнээс 33 улсын төлөөлөгч дэмжсэн санал хураалгасан байна. Хятад, Эритрей улсын төлөөлөгчид татгалзсан санал хураалгажээ. Хятад улсын төлөөлөгч Чэнь Сюй энэ шийдвэр түгшүүртэй байдлыг улам дэвэргэнэ гэсэн байр суурь илэрхийлжээ. Өөр 12 улсын төлөөлөгч түдгэлзсэн байна.
Оросын цэргүүд Украины хилээр цөмрөн орсноос хойш 3000 гаруй украин хүний амь насыг хөнөөсөн гэж НҮБ-ын албаныхан нотолж байна. Чухамдаа энэ тоо бүр ч өндөр байж болзошгүй гэж тэд хардаж байгаа аж. НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Мишель Бачелет хууль бус аллага хүчирхийллийн цар хэмжээг “цочирдмоор” гэж мэдэгджээ.
Өнгөрөгч сард Буча хот болон бусад газарт энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн хэрэг явдал ил болсны дараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн. Тус улсын төлөөлөгч Геннадий Гатиловыг хуралдаанд ажиглагчаар оролцохыг урьсан боловч тэр ирээгүй байна. Гатилов харин мэдэгдэл хийж, өрнөдийн орнуудыг Оросын эсрэг улс төрийн санаа зорилготой явуулгад буруутгажээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд Украины гадаад хэргийн сайдын 1 дүгээр орлогч цахимаар оролцож үг хэлсэн байна. Европ дахинд сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хүний эрхийн “онц ноцтой зөрчлүүд” Киев, Чернигов, Сума, Харьков хотод гарсан гэж Эмина Жапарова энэ үеэр мэдэгджээ.
НҮБ-ын шинжээчид Оросын цэргүүдийн Украинд үйлдсэн гэмт хэргүүдэд мөрдлөг явуулна | ||
Үзсэн: 348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.