Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Ковид-19-ийн эсрэг хамтын тэмцлээ сэргээхийг дэлхийн удирдагчдад уриаллаа

2022-05-13 15:54:44

Энэ вирусийн улмаас АНУ-д нас барсан хүний тоо 1 сая руу дөхөж байгаад тэрбээр гүнээ харуусаж байгаагаа илэрхийлжээ.

“Цар тахал хараахан дуусаагүй байна” гэж Америкийн Ерөнхийлөгч мэдэгдээд коронавирусээр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн АНУ даяар төрийн далбааг гудайлгахыг үүрэгджээ. 2019 оны сүүлээс эхэлсэн цар тахлын улмаас АНУ-д 999 мянга гаруй хүн нас барсан бол дэлхийн хэмжээнд энэ тоо 6,2 сая гаруйд хүрснийг Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан мэдээ баталж байгаа аж.

Жо Байден шинжилгээ, вакцинжуулалт болон коронавирусийн эмчилгээний бусад арга хэлбэрүүдэд хуваарилах хөрөнгөө нэмэгдүүлэхийг Конгрессдоо хандаж уриалжээ. Энэ зорилгод тэрбээр 22,5 тэрбум ам.долларын санхүүжилт хүссэн байна. Түүнчлэн Ковид-19-ийн эсрэг тэмцэл олон улсын тэргүүлэх зорилт хэвээр байх ёстой гэж тэрбээр мэдэгдлээ.

Мөн вакцин боловсруулсан хөгжингүй улс орнуудыг бусад улсад тусалж, дэлхийн хүн амын 70-аас доошгүй хувийг вакцинжуулалтад хамруулах нөхцөлийг бүрдүүлэхэд уриалжээ. Ковид-19 цар тахалтай тэмцэх асуудлаарх олон улсын цахим дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт эхэлсэн. АНУ энэ уулзалтыг Герман, Индонез, Сенегал, Белиз улстай хамтран зохион байгуулж байгаа юм. “Тус дээд хэмжээний уулзалт нь цар тахлын тархалтыг хяналтандаа авч, эрүүл мэндийн системийг хойшдын хямралаас урьдчилан сэргийлэх ажлынхаа эрч хүчийг сулруулахгүй байх зорилготой" гэж Байден цохон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ковид-19-ийн эсрэг хамтын тэмцлээ сэргээхийг дэлхийн удирдагчдад уриаллаа  
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй