Шууд Chart

С.Батхуяг: 11-11 дугаарт цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 284 мэдээлэл ирсэн

2022-05-14 10:53:28

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарт төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, алба хаагч, ажилтнуудтай холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилладаг. Энэ онд цагдаагийн байгууллагатай холбоотой хэчнээн мэдээлэл ирсэн байна вэ?

-Та бүхний амрыг эрье. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарт энэ оны 1 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 6255 мэдээлэл ирүүлсний 4.54 хувь буюу 284 мэдээлэл нь цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл байна. Мэдээлэл гэдэг нь гомдол, санал хүсэлт, өргөдөл, талархлыг хэлж байгаа юм. Үүнд:

105 нь талархлын шинжтэй;

146 нь гомдлын шинжтэй;

33 нь санал хүсэлтийн шинжтэй байна.

Дээрх 284 мэдээллийн 201 нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяаллаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт, 83 нь Цагдаагийн ерөнхий газарт ирүүлснийг харьяаллын дагуу Тээврийн цагдаагийн алба, аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсүүдэд шилжүүлэн шийдвэрлүүлж байна.

-Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой ирүүлсэн талархал, гомдол мэдээлэл, санал хүсэлтийн 85 хувийг нь хугацаанд нь буюу 30 хоногийн дотор шийдвэрлэсэн. Үлдсэн гомдол санал нь хугацаа дуусаагүй шалгах шатанд явагдаж байгаа. Шийдвэрлэлтийн талаар мэдээлэл гаргагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хариу мэдэгдэн ажилладаг.

-Алба хаагчийн харилцаа, хандлага болон мэргэжлийн үйл ажиллагааны талаар санал хүсэлт, гомдол мэдээлэл ирсэн байх. Үүнийг шийдвэрлэх зорилгоор ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ?

-Юуны өмнө цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ мэргэшсэн, хуульч ажиллагаа явуулдаг нь иргэдийн талархлыг хүлээж байна. Үүнийг дээрх төвд алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн талархлын тоон мэдээллээс харж болох юм. Нэгж дээр ажиллаж буй алба хаагчийн үйл ажиллагааны талаар санал хүсэлт болон талархал ирүүлэх нь тухайн алба хаагчид ажиллах урам зоригийг нэмэгдүүлж, байдаг тул талархал ирүүлсэн нийт иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна.

Дээр хэлсэнчлэн өргөдөл, гомдолд холбогдож буй тухайн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд албаны шалгалт явуулан буруутай эсэхийг тогтоодог. Ямар нэгэн байдлаар тухайн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, ёс зүйн зөрчил илэрвэл хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг авч ажилладаг.

Цагдаагийн төв байгууллагаас хүний эрхийг дээдлэх, алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, Сүүлийн хоёр жилийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар алба хаагчдынхаа харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Өнгө нэмцгээе”, “Харилцаа-Хандлага” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Харин энэ онд үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх, хуульч ажиллагааг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд “Соёлыг түгээе”, “Хорт зуршлаас татгалзаж-Сайнаар үлгэрлэе” аяныг дотооддоо алба хаагчдын хүрээнд зохион байгуулж байна.

-Ярилцсанд баярлалаа.


С.Батхуяг: 11-11 дугаарт цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 284 мэдээлэл ирсэн  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй