Шууд Chart

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2022-05-14 13:41:03

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

Хуулийн төсөлд төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан ажлын тодорхой чиглэлээр төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар холбогдох гэрээгээр ажиллуулж болохоор болон үүнтэй холбоотой бусад асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулагдсан олон улсын бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан. 

Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор, төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагын хугацааг тодорхой хэмжээгээр бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгасан гэж танилцуулгад дурдсан байлаа.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг  хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын төрийн жинхэнэ албаны сул орон тоог хуулийн дагуу нөхөх болон иргэнийг төрийн албанд томилохтой холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай, тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боловсрол, мэдлэг, чадвар, туршлагатай боловч төрийн захиргааны албан тушаал эрхэлж хааж байгаагүй иргэнийг төрийн жинхэнэ албанд ажиллуулах хууль зүйн боломжгүй, төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах болон байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох зохицуулалтгүй, төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэт өндөр, сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх журам хийдэлтэй зэргийг харгалзан хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсныг онцлоод Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төрийн албанд 2800 сул орон тоо байна гэдгийн цаана төрийн албаны асуудлыг цогцоор нь авч үзэх цаг болсныг харуулж байна. Ялангуяа хөдөө орон нутагт төрийн захиргааны албанд ажиллах хүн олдохоо больсон. Орон нутагт ажиллах нөхцөл тааруу, цалин хөлсний нэмэгдэл байхгүй, бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй адил цалин авч байгаагаас залуучууд ажиллахгүй байна. Нөгөөтээгүүр, хуулийн төслийн танилцуулгад төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэт өндөр байна гэж бичсэн байна. Иймд төрийн албаны шалгалтын журмыг эргэн харах талаар лавлав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг жил бүр өсөн нэмэгдэж буй хүн амын тооноос хамаарч шинээр сургууль цэцэрлгүүд баригдаж байгаагаас төрийн үйлчилгээний орон тоо нэмэгдэж байгаа нь төрийн алба данхайж байгаа мэт харагдуулдаг. Тиймээс цаашид төрийн үйлчилгээний албаны нийгмийн баталгааг бууруулахгүйгээр өөр ангилалаар явуулах асуудалд судалгаа хийсэн эсэхийг тодруулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол төрийн босго өндөр байх ёстой гэж үздэгээ илэрхийлээд төрийн албан хаагчид чадварлаг, цомхон байх энэ зарчим  хуулийн төсөлд үйлчлэх ёстой гэв. Мөн цар тахлын үед Ковидын тухай хуулиар төрийн албанд 1000 шахам хүн шалгалтгүйгээр оруулж ирсэн асуудлыг Төрийн албаны зөвлөл хэрхэн шийдвэрлэсэн талаар болон хуулийн төслийн хүрээнд олон улсын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг төрийн албанд ажилласнаар тооцох нь зарчмын хувьд зөв эсэхийг лавлаж байлаа.

Ингээд хуралдааны цаг дууссан тул баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй