Шууд Chart

Бээжин иргэдээ 3 хоног гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна

2022-05-15 10:20:18

Хятадын нийслэл Бээжин хотын засаг захиргаа цар тахлын халдварын тархалтыг зогсоохын тулд хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж, баасан гарагаас эхлэн 3хоног гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчиддаа зөвлөжээ. Гэртээ байх зөвлөмж нь нийслэл хотын хөл хөдөлгөөнийг аль болох багасгахад чиглэсэн байна.

Бээжин хотын эрх баригчдын мэдээлснээр пүрэв гарагт гэхэд нийслэлд халдварт 50 шинэ тохиолдол бүртгэгдсний дотор шинж тэмдэггүй тохиолдол батлагдажээ. Тус хотод 4 дүгээр сарын 22-ноос хойш халдварт нийт тохиолдол 900 давсан байна. Иймээс бээжингийн эрх баригчид хотын оршин суугчдаа худалдааны төв, аж ахуй нэгжүүдийн барилга руу орохдоо 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж байгаа юм байна.

Ресторанд хооллохыг мөн хоригложээ. Баасан гарагт гэхэд Бээжин хотын төв хэсэгт гудамж талбай бараг хүнгүй болжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эрх баригчид гадагш гарахыг хатуу хориглосон хязгаарлалт хийнэ, нийслэлд шинж тэмдэггүй 1000гаруй тохиолдол бүртгэгдсэн зэрэг худал мэдээлэл тараасан үндэслэлээр хоёр хүнийг саатуулсан тухайгаа тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Хатуу хязгаарлалт тогтоох сургаар Бээжин хотын иргэд пүрэв гарагт хоол хүнсээ нөөцлөхөөр дэлгүүр худадааны төвүүдэд урт дараалал үүсээд байна.

Харин эрх баригчид нь хатуу хорио тогтооно гэсэн мэдээлэл худал болохыг мэдэгдэж, иргэдийг хоол хүнс нөөцлөхгүй, тайван байхыг уриалжээ.

Мөн Шанхай хотын засаг захиргаа 3 дугаар сарын сүүлээр тогтоосон цар тахлын хөл хорионоос хэрхэн гарах гэж байгаагаа хэсэгчлэн тайлбарлажээ. Тухайлбал ойрын өдрүүдэд халдварын шинэ голомт гарахгүй бол хязгаарлалтыг аажмаар сулруулах юм байна.

Гэхдээ “Тэг ковид” бодлогоо цаашид үргэлжлүүлж, хязгаарлалтыг хэзээ бүрэн цуцлах талаар тов өгөхгүй байгаа гэнэ. Шанхай хотын эрх баригчид ойрын 3 хоног дараалан халдварын шинэ голомт гаргахгүй байхаар зорьж байгаагаа мэдэгджээ.

Шанхайд пүрэв гарагт 1900 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бээжин иргэдээ 3 хоног гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна   
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй