Шууд Chart

БНАСАУ-д Ковид-19 цар тахалтай тэмцэхэд цэргийнхнийг дайчлахаар болжээ

2022-05-16 14:39:14

Умард Солонгост Ковид-19 цар тахлын дэгдэлт эрчимжиж, сүүлийн мэдээгээр, халдварын хөнгөвтөр шинж тэмдэг бүхий 392 920 хүн бүртгэгдсэн бол, 8 хүн нас барсан байна.

Умардын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээс үзвэл, ням гарагт эрх баригч намын Улс төрийн товчоо ахин шуурхай хуралдаж зарим яаралтай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэ хуралдааны үеэр удирдагч Ким Жон Ун  эм бэлдмэлийн түгээлт удаашралтай байгаад албан тушаалтнуудыг эрс хатуу шүүмжилж, нийслэл Пхеньянд цар тахлын эсрэг үйл ажиллагаанд цэргийнхнийг дайчлахыг тушаасан байна. Өнгөрөгч 4 дүгээр сарын сүүл үеэс эрчимтэй тархаж эхэлсэн ханиадаар 1,2 сая гаруй хүн өвдсөн, 564 860-аад хүн хөл хорионд байгаа тухай Умард Солонгосын Вирустэй тэмцэх шуурхай албанаас мэдээлжээ.

Ням гарагийн 18 цагийн байдлаар, сүүлийн 24 цагийн дотор 8 хүн нас барсны улмаас халдвараар өөд болсон хүний тоо 50 болжээ. Гэхдээ халуурсан болон нас барсан яг хэдэн тохиолдол Ковид19-ийн шалтгаантай болох нь нотлогдсон тухайд умардын төрийн мэдлийн хэвлэлүүд тодруулж мэдээлэхгүй байна.

Ням гарагт болсон эрх баригч намын улс төрийн товчоо дахин онц хуралдааны үеэр Ким Жон Ун улсын нөөцөөс эм бэлдмэлүүдийг яаралтай түгээж, эмийн сангуудыг 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлэх тушаал шийдвэр гарсан хэдий ч эмийн түгээлт хангалттай хэмжээнд хийгдээгүй, тасалдал үүссэнд  эмнэлэг эрүүл мэндийн салбарын удирдлагуудыг хатуу донгодож сануулсан байна.

Умард Солонгост “цар тахлын улмаас дээд түвшний онц байдал” зарлаж, вирусний тархалтыг хамгийн богино хугацаанд зогсоож дарахын тулд бүх хот сууринд хөл хорио тогтоогоод байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-д Ковид-19 цар тахалтай тэмцэхэд цэргийнхнийг дайчлахаар болжээ   
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй