Шууд Chart

Окинава муж Япон улсын захиргаанд эргэн орсны 50 жилийн ойг тэмдэглэжээ

2022-05-16 16:38:35

Нийт 27 жилийн турш АНУ-ын хяналтанд байсан Окинава муж Японы засаг төрийн захиргаанд эргэн орсны 50 жилийн ой ням гарагт тохиожээ. Энэ ойн ёслолын үеэр тус мужийн амбан захирагч Денни Тамаки Японы өмнөд бүлэг арлууд дахь Америкийн цэргийн оролцоог бууруулахын төлөө илүү ихийг хийхийг улсынхаа төв засгийн газраас шаардсан байна.

Мөн сүйрэл гамшиг учруулсан дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ-ын мэдэлд маш удаан буюу бараг 30 жилийг өнгөрүүлсний эцэст Окинава муж 1972 оны 5 дугаар сарын 15-нд эх газартаа эргэн нэгдсэнийг Тамаки энэ үеэр тэмдэглэн хэлжээ. Гэсэн хэдий ч, улс орны аюулгүй байдлын ачаа дарамтаас эх газар мөн адил хуваалцах ёстой гэсэн олон жилийн турш тавьж байгаа шаардлага нь хангагдахгүй өнөөдрийг хүрч байгааг Окинава мужийн амбан захирагч мөн цохон мэдэгдсэн байна.

Мужийг Японы засаг захиргааны мэдэлд эргэн оруулсны ойд зориулсан ёслол хоёр газар, тухайлбал америкийн цэргийн бааз байрладаг окинава арлын Жован хотод болон нийслэл Токиод болжээ.

Ёслолын арга хэмжээ хоёр тусдаа болж байгаагаас, Окинава арлын түүх, эндхийн хүн зоны туулж өнгөрүүлж буй зовлон бэрхшээлд хандах хандлага хэчнээн гүнзгий хагаралтай байгаа нь харагдаж байна гэж хэвлэлүүдэд бичиж байна. Японы ерөнхий сайд Кишида Фумио Окинавачуудын зовнил бэрхшээлийг нухацтай хүлээн авч, энэ хавийн арлууд дээр АНУ-ын цэргийн хүч байрлаж байгаагаас үүдэлтэй ачаа дарамтыг бууруулахын төлөө хүчин чармайлт гаргах болно гэж мэдэгджээ.

Хоёр улсын батлан хамгаалах хэлэлцээрийн хүрээнд Японд байрлаж байгаа АНУ-ын 50 мянган цэргийн дийлэнх нь, цэргийн байгууламжуудын  70 хувь нь Окинава арал дээр байрладаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Окинава муж Япон улсын захиргаанд эргэн орсны 50 жилийн ойг тэмдэглэжээ   
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй